Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

"Дүүргийн удирдлагууд иргэдийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолтууд, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээллийг хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад  нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой. Дүүргийн удирдлага бүр өөрсдийн хариуцсан эрх мэдлийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй. "Нэг хаалга-нэг шинжилгээ" хэрэгжсэнээр халдвар байхгүй болчихсон мэт ойлголт нийгэмд байна. Энэ бол халдварын тархалтыг тогтоох, хумих, богино хугацаанд Улаанбаатар хотын 412 мянган өрхийн иргэнийг шинжилгээнд хамруулах зорилготой ажил. Энэ ажил зохион байгуулалт сайтайгаар амжилттай хэрэгжиж дууссан. Одоо вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Дүүрэг, орон нутаг маш сайн ажиллаж байна. 24 цагийн хугацаанд багтаж, шинжилгээний хариу гарахгүй байгаад иргэд бухимдаж байна.