Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өглөө. 

Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцлов. 

Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. 

Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд буй.

Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Гэмт хэрэг 54 хувиар буурсан нь архи, согтууруулах ундаанаас болдог гэдгийг харуулж байна. Гэхдээ мэдээж согтууруулах ундааны зохиостой хэрэглээ байх ёстой. Энэ талаарх шийдвэр хүлээж байгаа маш олон иргэн байгаа. Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжчихвэл үйлчилгээний болон бусад салбарыг үе шаттай нээх, бага градустай буюу шар айраг, дарсны үйлдвэрлэл хэрэглээг нээж болно гэж тооцсон.

Одоо бол Улаанбаатар хот коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдсон, бэлэн байдлын зэрэг буураагүй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй.

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй байх, явсан маршрутаа санахгүй байх зэрэг нь өндөр эрсдэл дагуулна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байснаар шаглаж, өндөр үнээр зарах зэрэг сөрөг талууд ч гарч байна. Ийм зүйл хийгээд баригдсан ч хүмүүс байна. Иймд иргэдээ бодож, цагийн байдлыг харж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байж шийднэ” хэмээлээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс