НИТХ-ын Анхдугаар хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилохыг олонхын саналаар дэмжлээ. Улмаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагчаар томилох эсэхийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний дараа Ерөнхий сайд эцэслэн шийдвэрлэх юм.

Анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчид нэр дэвшигч Д.Сумъяабазараас асуулт асууж, хариулт авав.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Нэр дэвшигч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн саналыг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээ. УИХ-д биднийг төлөөлж ажиллаарай гэж итгэл хүлээлгэсэн болохоос Хотын даргаар ажиллаарай гэж сонгоогүй байх. Гэтэл та УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх шийдвэр гаргасан байна. Яагаад ийм шийдвэр гаргав. Мөн та "Би хотын дарга болохгүй. Нүх болгонд ордог оготно биш" гэж хоёр сарын өмнө хэвлэлд ярилцлага өгсөн. Одоо Хотын дарга болъё гээд зогсож байна. Яагаад богино хугацаанд шийдвэрээ өөрчилсөн юм бэ" хэмээн асуулаа.

Хариултад нь нэр дэвшигч Д.Сумъяабазар "Хотын өнгө үзэмж, нийтийн аж ахуйг сайжруулах, иргэдийн амьдрал ахуйг өөд нь татах, тулгамдаж буй түгжрэл, утаа зэрэг олон асуудлыг хамтдаа шийд гэж энэ 45 төлөөлөгчийг хотын 1.5 сая иргэн сонгосон. Иймд та бид Улаанбаатарыг хөгжүүлэхэд хамтарч чадна гэж итгэж байна. Үүнд хэт их улс төржилт хэрэггүй. Угаасаа явах ч үгүй. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийнхээ итгэлийг аваад УИХ-д сонгогдсон. Бидэнд бүрэн итгэлээ өгч, МАН тус дүүргээс 5 суудал авсан. Би Хотын даргад нэр дэвшиж буй нь энэ итгэлийг хөсөрдүүлж буй зүйл ерөөсөө биш. Иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу, Толгойтод тулгамдаж буй олон асуудлыг та бүхэнтэй хамтарч шийдэх, өдөр тутмынх нь амьдрал ахуйг өөд нь татах, хог шорооноос нь салгах, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл рүү чиглэж ажиллана. 

УИХ бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, олон улсын бодлогын түвшинд ажилладаг. Нийслэл, НИТХ бол иргэдийн ахуй амьдралд тулж ажилладаг. Тиймээс надад дээшээ өгсөж, аль нэг албан тушаалд очих дур сонирхол байхгүй. Гараад л утаа, түгжрэл зэрэг асуудлуудтай улаан нүүр тулна" гэв.