Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүрэгт өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 дугаар хорооны 20 мянга 57 иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөж байгаа ба суурин 13 цэг, явуулын 50 баг ажиллаж байгаа аж. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байгаа бөгөөд нэг хүнээс шинжилгээ авах хугацаа 1-2 минут байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар тухайн дүүрэгт очиж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг өөрийн биеэр шалгаж байна. Тэрээр энэ үеэр “Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай. Нэг баг шинжилгээгээ авч дууссан бол нөгөө цэг дээрээ нэмэлт хүч болон очиж, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалт хийх нь чухал” хэмээн сануулав. 

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хүртээмж ямар байгааг шалгаж, зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчид ажил-гэрийн хооронд чирэгдэлгүйгээр зорчих боломжоор хангахыг үүрэг болгожээ.