Авлигатай тэмцэх газраас энэ сард хийсэн ажил, мөрдөн шалгасан хэргүүд болон цаг үеийн асуудлаар өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийсэн

Мэдээллийн үеэр "Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, “...Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон" хэмээн мэдэгдсэн.

Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа "Авилгатай тэмцэх газарт монгол хоёр залуу мэргэжилтэн, хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй. Яадаг юм. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн 2 залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон.

Сайд аа АТГ-аас тэр 2 хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр ТНБД орж ирсэн. Тэд туршилтаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд яаж ажиллаж байгааг яамаараа харж буй биз...

Сэтгэлээр уначихсан ажлаасаа гаръя гэчихсэн явна хөөрхийс. Энэ 2 залуутай манай гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй. Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг, тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн. Ажил хөдөлмөр эрхэлж амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон олон залуусыг цаашид ч дэмжих болно" хэмээн нийтлэжээ.