УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл бол нийгэм, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбараа хөгжүүлж буй орнуудад дэмжлэг, туслалцаа болдог зээл юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбар одоо зургаа дахь удаагийн хөнгөлөлттэй болон буцалтгүй зээлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Эмзэг бүлгийн иргэд хаана байна вэ гэхээр, захын хороолол, хөдөө орон нутаг, хязгаар аймаг, сум, багт байна. Эрүүл мэндийн байгууллагын хүртээмж хангалтгүй байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаараар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүртээмж 63 хувьтай байна гэж үзсэн. Үлдсэн 37 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн үг.

Энэ удаагийн хөтөлбөр маш чухал. Өрхийн эрүүл мэндийн 6 төвийг нийслэлийн алслагдсан хороодод байгуулна. Эдгээр нь жишиг өрхийн эмнэлгүүд байна. Өөрөөр хэлбэл, гурван хорооны дунд нэг том өрхийн эмнэлэг байна. Эдгээр эмнэлэг нь иргэдээ дүүргийн эмнэлэг рүү явуулахгүйгээр эмчилнэ. Өндөр өртөг бүхий томоохон тоног төхөөрөмжүүдийг дундаа ашиглаж, алслагдсан хороодын иргэдэд оршин буй газарт нь эмнэлгийн үйлчилгээг ойртуулах юм.

Мөн дээрх жишгээр 10 аймагт сумын эрүүл мэндийн төв байгуулна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн онцлог нь зөвхөн байшин, барилга биш тоног төхөөрөмж, сургалт гэсэн цогц хөтөлбөр байдаг. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбар тогтолцоогоороо өөрчлөгдөх боломж бүрдэж байна. Тухайлбал, "Эрүүл мэндийн салбарын хөгжилд" тав дахь төслөөр Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлгийг энэ оны эцэс юмуу ирэх оны эхээр хүлээж авахаар ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэг 330 мянган хүн амтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ нэлээд хүндрэлтэй байгаа. Тэгвэл энэ дүүрэгт жишиг эмнэлэг байгуулаад тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг бүх зүйлтэй нь бэлдэж байна. 

Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт Азийн хөгжлийн банк олон жил судалгаа хийгээд нэгдсэн эмнэлэг шаардлагатай юм байна гэж үзээд энэ удаагийн төсөлд оруулсан. 

Түүнээс гадна зургаа дахь удаагийн энэ төслөөр Яаралтай тусламж үйлчилгээг олон улсын түвшинд ойртуулах томоохон дэвшилтэт ажлыг анх удаа хийх гэж байна. Яаралтай түргэн тусламж хоцорч очиж, түүнээс болж хүний амь нас эрсдэх тохиолдол гарч байгаа. 

Тэгвэл бид 103-ыг шинээр зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, дуудлагын төв байгуулаад, осол гэмтэл гардаг, орон нутаг, Улаанбаатар зэрэг бүх газарт Яаралтай түргэн тусламжийн цэг байгуулна. Улмаар дуудлагын төвөөсөө онлайнаар холбогдон маш богино хугацаанд яаралтай тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэх гэж байна. 

Иргэд хоёрдугаар шатлалын эмнэлэгт гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болно. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэгт төрөлт, мэс засал хүлээж авна. Заавал улсын Нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт очихгүйгээр дүүргийнхээ нэгдсэн эмнэлгээс дээрх үйлчилгээг авах боломжтой болох юм.

Мөн энэ төслөөр эрүүл мэндийн салбар өөрийн гэсэн хоёр онгоцтой болох боломжийг бүрдүүлнэ" хэмээлээ.

Тус хуулийн төслийн танилцуулгыг ЭНД дарж уншина уу.