Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Энэ сарын 2-ны өдөр Монгол улсад Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс авсан эхний шинжилгээ эерэг буюу COVID-19 илэрсэн гэдгийг урьдчилсан байдлаар мэдээлж байна. Энэхүү шинжилгээг бид шинжилгээг давтан хийнэ.

Анх ирэхэд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч өөрийгөө тусгаарлахыг сануулсан ч зөвлөгөөг дагаагүй байна.

Энэ хүн ирээд Дорноговь аймагт ажилласан. Түүнтэй эхлээд уулзсан 40 хүн ойрын хавьтлын 102 хүнийг олох үүргийг хууль хяналтын байгууллагуудад өгсөн. Гамшигийн тухай хуулиар энэхүү ажлыг тусгай хүчний байгууллагууд гүйцэтгэнэ. Эхнээсээ эдгээр иргэдээс тусгаарлаад эхэлчихсэн.

Шөнийн 2 цагаас хойш Улсын онцгой комисс ажиллан энэхүү иргэний очсон газруудыг ариутгаж эхэлсэн. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан. Түүний шинжилгээний сорьц зөөвөрлөгдөн ХӨСҮТ-д шинжилгээг нь хийсэн.

Иймээс шөнийн 4 цагаас ХӨСҮТ-ийн  мэргэжлийн баг эмнэлэгийн шаардлагатай хэрэгсэлтэйгээ Дорноговь аймаг руу яаралтай явсан. Тус иргэн одоогоор Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комисс яг одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна.

Тухайн иргэний биеийн байдал хэвийн. Халуурахаас өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг бидэнд мэдээлсэн.