Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс сүүлийн үед олон нийтийн сүлжээнд ярианы гол сэдэв болоод байгаа усанд автсан тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

Д.Сарангэрэл:  7 дугаар сарын 10-ны өдөр орсон усархаг бороо ХСҮТ-ийн гамшигийн хэмжээнд хүргээгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

-Халдвартын эмнэлэгийн аппарат ажиллаж байгаа юу?

-Олон нийтийн сүлжээнд тархаад байгаа шиг 7 сая еврогийн тоног төхөөрөмж эвдэрч улсад их хэмжээний хохирол учирсан зүйл байхгүй. Тоног төхөөрөмж суурилагдаагүй. Туяаны аппарат байрлуулсан 2 өрөөний нэгэнд нь ус орсон. Орсон ус нь дөнгөж хөлийн шагайгаар татсан нь туяаны аппаратны дөнгөж сууринд орсон гэсэн үг. Норсон хэсгийг мэргэжлийн хүмүүс үнэлнэ. Үүний дараа ярих асуудал байх. Одоогоор нэг ч тоног төхөөрөмж бүрэн усанд автаж хохирол учраагүй. Төвийн өргөтгөл  болон хуучин барилгын ашиглалтыг үнэлэх, үерийн улмаас хонгилд ус ороход ямар хүчин зүйл нөлөөлснийг тогтоохоор МХЕГ болон НМХГ-ын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Үнэлгээний нэгдсэн дүн ирэх 7 хоногт гарна.

-Тэгвэл 400 мянган ам доллараар засварлах яриа юунаас үүдэлтэй вэ?

-Энэ талаар яриа хөөрөө гараад амжсан байна лээ. Тэр аппаратыг хэт үнэтэй засна гэж зарим нэгэн хүмүүс хариуцлагагүй яриа гаргасан. Магадгүй бизнесийн зорилготой юм болов уу гэж хардсан тал байгаа. Ер нь бол мэргэжлийн байгууллага, ялангуяа АНУ-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэсэн компанийн инженерүүд л энэ хохирлын хэмжээг тогтооно. Хүн болгон тэрхүү нарийн төхөөрөмжийг нь тэдээр засна гэж хэлэх нь учир дутагдалтай. Ойрын үед энэ мэт мэдээл их гарлаа. Уг нь эрүүл мэндийн салбарын талаарх батлагдаагүй мэдээлэл тараахыг зарим оронд хуулиар хориглодог. Гэтэл манайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч, олон нийтийн сүлжээнд тэр байтугай төрийн өндөр албан тушаалтнууд  эрүүл мэндийн салбарт ажилладаг удирдах ажилтнууд хүртэл мэдээллийг баталгаа нотолгоогүй түгээж байна. 

-Түлэнхийн төвийн барилгын ажил зогссон гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

-Сангийн яам Түлэнхий төвийн санхүүжилтий зогсоогүй. Эхний төлөвлөгөөгөөр бол энэ оны 9 дүгээр сарын 30-нд Түлэнхий төвийн ашиглалтанд оруулна гэсэн. Уг ажлыг барилгын салбарт туршлагатай компаниуд гүйцэтгэж байгаа талаар Барилгын хөгжлийн төвөөс надад мэдэгдсэн. Үүний дагуу Сангийн яам санхүүжүүлээд явж байна. Энэ ажлын санхүүжилт нь зогсох үндэс байхгүй. Яагаад гэвэл Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжсэн төсөл. Анх энэ тусламж Засгийн газрын ордонг барих зориулалтаар орж ирсэн мөнгө. Гэхдээ эмэгтэй гишүүд төрийн ордонгоос илүү Түлэнхийн төвийг барихаар шийдсэн. 

-Барилгын ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Одоогоор 40 гаруй хувьтай явж байна. Ашиглалтанд орохтой л зэрэгцэн Түлэнхийн төвийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Улсдаа ганц түлэнхийн төвтэй болно гэж олон ажил ярилаа. Түүнээс хойш 18 жилийн дараа энэ төвийг ашиглалтанд оруулах гэж байна. Нүүж сууж яваа энэ төв ГССҮТ-д ихээхэн ачаалалтай, хүнд  орчин нөхцөлд үйл ажиллаа явуулж байгааг би биеэрээ очиж харсан. Түлэнхийн төв зөвхөн түлэхийг эмчилэхгүй, үйл ажиллагаа нь өргөжүүлж арьс нөхөн сэргээх зорилготой “Арьсны банк”-тай болохоор зорьж байна.