Хан-Уул дүүргийн 15-р бүрэн дунд сургуулийн 500 гаруй сурагч сүрьеэ өвчний халдвар авсан гэх мэдээлэлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тайлбар хийлээ.

Д.Сарангэрэл:

"Хан-Уул дүүргийн 15-р сургуульд ХӨСҮТ-ийн шуурхай баг газар дээр нь ажиллаж байгаа. Гарсан асуудлаар өчигдөр хуралдсан. Уг сургууль дээр 2015 оноос сүрьеэгийн халдвар гарсаар ирсэн байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүүхдүүдийг ХӨСҮТ хяналтдаа авч, оношилж, эмчилгээ хийх гэж байна. ХӨСҮТ, ЭМГ-ын даргын өгсөн мэдээллээр эцэг эхчүүд уушгины сүрьеэгийн асуудал дээр эмзэг хандаж хүүхдийн элгийг гэмтээдэг эсэх дээр санаа зовж байгаа. 

Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар авсан байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.

Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна" гэлээ.