ОХУ-ын Пенза хотын улсын их сургуулийн оюутнууд болон эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран нисгэгчгүй аппаратуудыг илрүүлэх зориулалт бүхий цахилгаан автомашин зохион бүтээжээ.
 
“Тус их сургууль нь доогуур нисдэг, овор багатай нисгэгчгүй аппарат буюу дронтой ижилхэн объектуудыг илрүүлэх зориулалт бүхий автомашин зохион бүтээх захиалгыг “ЮМИРС” компаниас хүлээн авсан. Тавигдаж байсан гол шаардлага нь  уг автомашин дуу чимээ багатай байх. Их сургуулийн ажилтнууд дотоод шаталтын хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүрээр сольсноор зорилгодоо хүрч чадлаа” гэж Пензагийн их сургуулийн эрдэм шинжилгээ ажил, инновацийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Игорь Артемов ярьж байна.
 
Задгай багги загварын автомашинтай төстэй уг цахилгаан автомашин нь зай тэжээлээс хамааран 50-100 км зайг туулах чадвартай ба түүн дээр “ЮМИРС” компанид үйлдвэрлэсэн радиолокацийн "Радескан-Антидрон" гэдэг системийг угсарчээ.  Энгийн хийцтэй, үл анзаарагдам энэ автомашин хоёр хүний суудалтай ба хурд сайтай, чимээ багатай аж. Хээрийн туршилт амжилттай болсноор тодорхой зайг туулж, нисгэгчгүй аппаратыг илрүүлж чадсан байна.
 
Шинэ цахилгаан автомашиныг Бүх Оросын төрөлжсөн үзэсгэлэнгүүдийн үеэр олон нийтэд үзүүлэх аж. Үүний сацуу, цахилгаан автомашиныг жолоочгүй болгож, алсын зайнаас локаторыг удирдах зэргээр улам боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ гэдгийг И.Артемов хэллээ.