Ардчилсан намын даргын төлөөх сунгаан энэ өдрүүдэд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигч болоод Ардчиллын өнөөдрийн нөхцөл байдлыг эргэн харах зайлшгүй шаардлагатай болжээ.Монголын ардчиллын 30 жилийг дүгнэхэд, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийг дахин нэг уншихад хангалттай. 30 жилийн өмнө монголчууд сүүлийн 300 орчим жилд анх удаа ямар нэгэн улсын шахалт, зааваргүйгээр хөгжлийн замаа сонгох, төр улсаа төвхнүүлэх боломжтой болж, төр улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан. 

Парламентат ёс, чөлөөт сонгууль, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг, шашны эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэх мэтээр ардчиллын ололтыг дүгнээд байвал монголчууд сүүлийн 30 жилд хүн төрөлхтний сүүлийн 200 жилд хийснийг амжуулах Их үсрэлтийн оролдлого хийжээ. Бид асар том өөрчлөлтүүдийг асар хурдтай хийж чадсан нь монголчуудын цусанд байдаг дасан зохицох чадварын гайхамшиг.

Гэвч асар их хурд бас асар их эрсдэл дагуулдаг. Дагуул улсын статусаас чөлөөлөгдсөний дараах сэтгэл хөөрөл богинохон хугацаанд үргэлжилж, нэг мэдэхнээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн маш том асуудлуудтай гав ганцаараа үлдсэн. Ийнхүү өөрийгөө, өнгөрснийгөө, ирээдүйгээ, хөгжлийн зам болон тулах цэгээ хайсан өнгөрсөн 30 жилд бид юун дээр хийдэл гаргачихав? 

Юуны түрүүнд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахад улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, сонгогдох эрх байгаад хангалтгүй аж. Олж авсан эрх чөлөөтэйгээ бид дахин нэг сайн танилцах шаардлагатай болжээ. 

Монголын ардчилалд бугшсан хамгийн том хавдар бол эрх чөлөө эдлэхийг дураараа авирлах гэж хүлээж авдаг явдал. Эрх чөлөө болон дураараа авирлах хоёрын хамгийн чухал ялгаа нь “дураараа авирласны үр дагаварын төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй бол эрх чөлөөгөө эдэлсний үр дагаварын төлөө хэн нэг нь заавал хариуцлага хүлээдэг” явдал юм. 

“Хариуцлага хүлээдэггүй эрх чөлөө”-г сул тавьж, хариуцлагын баримжаагаа алдсан нь 1992 онд бидний Үндсэн хуулиараа баталгаажуулан олж авсан бүх амжилтыг үгүй хийх магадлалтай том хар хүч болон хувирчээ. Сүүлийн 30 жилийн туршлагаасаа бид хүний эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь эдийн засгийн эрх чөлөө юм гэсэн том сургамж авлаа. Ийм эрх чөлөөгүй бол гудамжинд жагсах, шүүмжлэх, үг хэлэх эрхээр яах юм бэ?

Төр бол нийгэмтэй байгуулсан гэрээний дагуу хүмүүсийн эрүүл, аюулгүй, чинээлэг амьдралд баталгаа гаргадаг. Харин тийм амьдрах үндсийг бүрдүүлдэг нь социализмд “мөлжигч” хэмээн адлуулж байсан ч зах зээлийн нийгэмд “баялаг бүтээгч” хэмээн дээдлэгдэх учиртай компаниуд юм. “Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” гэдэгтэй адил зах зээлийн эдийн засагт “Компани оршихуй дор төр буй, төр оршихуй дор компани буй”. Төр үнэ цэнийг бүтээдэггүй, харин бизнесийн бүтээсэн үнэ цэнийг дахин хуваарилах үүрэгтэй. 

Харамсалтай нь төр өөрөө “хариуцлага хүлээдэггүй эрх чөлөө” эдэлж, баялгийг шударга хуваарилан нийгэмд үйлчлэх бус нийгмийг өөртөө үйлчлүүлэх гэж оролддог, иргэдийнхээ болон ААН-үүдийнхээ эрхийг хязгаарладаг тогтолцоо болж хувирснаас өнөөдрийн хамаг холион бантан бий болжээ. Төр баялаг бүтээдэг иргэдээ дэмжиж, хамгаалах бус өөрөө бизнес хийж, баялгийг булаах гэж зүтгэдэг болсон. Нам хэмээх институци улс орон, ард түмэнд хөгжлийн хамгийн шилдэг хөтөлбөрийг санал болгож хоорондоо өрсөлдөх учиртай ч эсрэгээрээ цөөн тооны хүмүүсийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүтэц болон хувирчээ.

Монголчууд өнгөрсөн 30 жилд улс төрийн эрх чөлөөгөө эдэлж, тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж сурсан. Гэвч ч бид эдийн засгийн хариуцлагатай эрх чөлөөг эдэлж сурах, энэ эрхийг хамгаалж, бэхжүүлэх нь дараагийн 30 жилд хийх үндсэн ажил юм. Дээр өгүүлсэн зүйлсээс ургуулан дүгнэхэд өнөөдөр Монголын ардчилалд сэтгэл хөдлөл бус ухаалаг бодлого, цэгцтэй удирдлага, улс төр болон эдийн засгийн чадварлаг менежерүүд үгүйлэгдэж байна. Баялаг, хөгжлийн үндсэн эх уурхай болсон бизнесийг жинхэнэ ёсоор ойлгож ажиллах тийм л хүмүүс. 

Чухам энэ л өнцгөөс эдүгээ өрнөж буй Ардчилсан намын даргын сунгааг авч үзэх хэрэгтэй болов уу. Парламентад гол сөрөг хүчин байж, дотоод хямралд орох эрхгүй энэхүү улс төрийн хүчний сүүлийн үеийн удирдлагууд 30 гаруй жилийн өмнө эгшиглэж байсан “Хонхны дуу”-гаа өөрсдөө сонсохоо больж, явцуу эрх ашигт автсан нь дараалсан ялагдлын үндсэн шалтгаан болсон.

Монголчууд уламжлал ёсоор хувь хүнд илүү ач холбогдол өгч сонголтоо хийдэг хүмүүс. 

Гэхдээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал даргыг бус менежментийг сонгохыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнө бид улс төр, эдийн засгийн хувьсгал хийж байсан бол одоо сэтгэлгээндээ хувьсгал хийх цаг болжээ. Ардчилсан намын даргад горилж буй нэр дэвшигчдээс харахад улс төр, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй чадварлаг менежер гэсэн үзүүлэлтэд тохирох хүн байгаа нь сайшаалтай. Тухайлбал, О.Амартүвшин, О.Цогтгэрэл. Тэд аль аль нь хувийн хэвшилд ажиллаж байсан төдийгүй түүний зовлон, жаргалыг мэдэх. Үүгээрээ энэ хоёр адилхан. Олон мянган хүнийг ажлын байртай болгож, улсад татвар төлж, зах зээлийн эдийн засгийн ачаар өөрсдийн одоогийн амжилт, нэр хүндээ босгосон улс. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. О.Амартүвшингийн хувьд МҮХАТ-ын ерөнхийлөгчөөр өдгөө ажиллаж буй. О.Амартүвшингийн тухайд бизнесийн болон бизнесийг төлөөлсөн салбарт олон жил амжилттай ажилласан чадварлаг стратегич. Монголд ноу хау шингэсэн чацарганы бизнесийн эхлэлийг тавьж, экспортын жим гаргасан хүн. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш бизнесийн эрх ашгийг хамгаалахад илүү прагматик хандлагатай ажилласан. Тэдний дунд гол өрсөлдөөн явагдах болов уу гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна. Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд Ц.Элбэгдоржийн хүн гэгдэж ирсэн бөгөөд түүнийг Ерөнхийлөгч байхад Хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн гэх тодотголтой. Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүний хувьд Ардчилсан намын даргын суудал горилж буй нэр дэвшигчдийн нэг. Ардчилсан нам сэргэх, эс сэргэх эсэхийг шийдэх цахим сунгаан үргэлжилж байна. Хөл толгой нь олдохгүй бужигнах энэ нам цэгцрэх, жигдрэх цаг болсон. Дотоод зөрчил нь савнаасаа халиад, нийгэмд бүхий л үзэгдэл нь ил гарчихсан.

2016 оны ялагдлаас хойш учраа олохгүй явсаар 2020 онд дараагийн ялалтаа амссан Ардчилсан намын “хувь заяа” гундуухан байна. Амбицтай, багийн бус ганцаарчилсан тоглолт хийдэг дарга нараасаа болж үе үе энэ нам дотроо донсолдог. Үүнийгээ мэддэг боловч алдаагаа давтсаар өдий хүрсэн. Харин одоо алдаагаа давтах цаг биш. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Улс орны эдийн засаг ч уналт руу орлоо.

Хүчтэй сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байна. Сэтгэл хөдлөлд автсан бус асуудлыг бодитой хөндөж, тодорхой харж чадах, манлайлагч л намаа аварч гарахаар байна.