УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БСШУС-ыг сайдаар томилогдсон учир, түүний оронд МАН-ын бүлгээс Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийнхөө нэрийг дэвшүүлэв.

Хуралдааны төгсгөлд дээрх 2 нэр дэвшигчийн нэгийг Байнгын хорооны даргаар сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь Д.Оюунхоролыг дэмжлээ.

Улмаар түүнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар сонгох эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Би 2012 онд парламентын гишүүн, тус байнгын хороонд ажиллаж байхдаа МАН-ын бүлгийн 26 гишүүнийг төлөөлж 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 40-өөд заалтыг оруулж ажиллаж байсан. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах, олон зүйл заалтыг ажил хэрэг болгоход туршлагыг маань авч ашиглая гэж бодож байх шиг байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 12 нь тус Байнгын хороонд хамааралтай. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл шинжлэх ухаан зэрэг томоохон салбаруудыг бодлогоор хангаж ажилладаг яамдуудтайгаа хамтран ажиллаж, тухайн салбарын асуудлыг дагнан ажилладаг УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч олон асуудал шийднэ" хэмээлээ. 



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс