Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр нийт 147 хүнд шинжилгээ хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 буюу нийт 95 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 21 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолоочийн шинжилгээ хамрагдсан" хэмээлээ.

Мөн тэрээр "Өнөөдөр цар тахлын хариу арга хэмжээ үзүүлэх сургалт болж байна. Үүнд ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч оролцож, цар тахал дотооддоо тархсан үед хэрхэн талаар үзүүлэх дадлага сургууль хийж байна. Алдаа оноо гарвал үүнээсээ  сургамж авч, аюул тулгарсан үед хэрэгжүүлнэ. 

Хамгийн гол нь бид нэн тэргүүнд өвчнийг илрүүлэх ёстой. Улмаар эрэмбэлэн ангилж, биеийн байдал хүндийг нь гол эмчилгээний тасаг буюу сэхээн амьдруулах руу, хөнгөн хэлбэрийнхийг нь тусгаарлах байрт тусгаарлаж, эмчилгээ хийх ажлыг зохион байгуулна.

Үзүүлэх сургалтад зориулж Буянт-Ухаа спортын ордонд 300 ор, Яармагийн шинэ эмнэлэгт хүндэрсэн хүмүүсийг хүлээж авах 100 ор бэлдсэн. Тулгамдсан үед юун дээр гацах нь уу, цаасан дээр байдаг зүйлс бодит байдал дээр ямар байх нь уу гэдгийг олж, мэдэж авахын тулд хариу арга хэмжээний дадлага сургуулийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоож байна. Мөн үүнд иргэдийн сэтгэлзүй бэлэн байх ёстой. Улмаар бүх зүйл уялдаатай байснаар самгардахгүйгээр өвчнийг хумьж авч чадна. Хавьтлуудыг сайн тогтоож хумьж чадвал өвчний голомт өргөжихгүй. Энэ байдлыг шалгаж, протукол бичиж, өндөр зэрэглэлийн тушаал, зөвлөмжүүд гаргана" хэмээлээ.