1. Би хэн бэ. Өнөөдөр би хэн бэ гэдгээс илүүтэй маргааш би хэн болж өөрчлөгдөх вэ гэдэг илүү чухал юм. Хүн насан туршдаа өөрийгөө олох гэж эрж хайж явдаг юм гэсэн. Балжка нь ч мөн адил өөрийгөө жаахан ч болов олж нээх хүсэл тэмүүллээр жигүүрлэн амьдарч байна даа.

2. Өөртөө үнэнч байх. Өөрийн “нялзрай” бодлоос салж, бодит нөхцөлд хязгаартай хэдий ч өөрийн боломж, хүч чадалд итгэж сурах ёстойг ойлгож эхэлсэн. “Өөрөө өөртэйгөө” ганцаараа үлдэж чаддаг байхын зэрэгцээ, хайртай дотны, үнэ цэнэтэй хүмүүстэйгээ хамт “нэгэн бүхэл” байж чадах, хүн чанараа гээхгүйгээр өөрийн дотоод ухамсрынхаа дуу хоолойг дагаж мөрдөх ёстойг ухаарч явна.

3. Хүнээрээ байх. Оюун санааны хувьд эрүүл байна гэсэн үг юм. Өөрийн хайр, шалтгаан, итгэлээр амьдарч, хүнлэг сэтгэлтэй, соёлтой, ухамсартай явах гэдэг зарчим. Өөрийн нэгэн адил ойр дотны болон бусад хүмүүсийн амьдралыг ч хүндэтгэн үздэг байхыг хичээж байгаа. Бүгдээрээ сайхан хүнлэг, бие биенээ хайрлаж, нэг нэгнээ хүндэтгэдэг байцгаахын тулд хүн бүхэн өөрөөсөө эхлэх нь чухал байх. Би ч гэсэн..

4. Өөрийгөө нээж сурах. Аливаа юмыг сурах өөрт тохирсон арга барил хаа нэгтээгээс нээж олох бус, өөрөө бий болгож, хэвшүүлж сурах хэрэгтэйг ойлгосон. Тухайн ямар нэг зүйлийг суралцахдаа зөв, цэгцтэй, агуулгаар нь харж, тодорхой чиг зүгтэй, бүтээлч хэмнэлтэй, үр дүнд хүрч чаддаг болох нь өөрөө амжилт гэж үздэг болсон. Ингэхийн тулд би юманд ямар байдлаар ханддаг, хэрхэн хүлээж авдаг, яаж ашиглаж, боловсруулдаг гэхчлэн, өөртэйгөө сайн ажиллах ёстойг ухамсарлаж байгаа.

5. Ганцаардахгүйгээр ганцаараа байж сурах. Хүний ганцаардлыг оюун санааных нь хүрээнд тултал нь хуваалцчих хүн хаана ч үгүй шүү дээ. Хайртай хүн чинь, дотны найз нөхөд чинь хүртэл үүнийг чамтай холбоотой харилцааныхаа хүрээнд өөрийн боломжийнхоо хэрээр л өгч чадна. Үлдсэн ганцаардлаа ганцаараа, өөрөө нөхнө. Жинхэнэ мэдрэмж хүмүүсийн нүдэнд харагддаггүй учраас жингүйдэж явааг чинь хэн нэг нь харчихна гэж санаа зоволтгүй. Эмо үүрд..

6. Мэдрэмж ба дотоод ертөнц. Баялаг дотоод ертөнцтэй “гоё” хүн байх эхлэл бол мэдрэмжээ хөгжүүлэх юм байна гэж боддог болоод хөөрхөн удаж байна. Хүний сэтгэлийг хөглөж байдаг, оюун санааг нь “амьд” байлгаж байдаг, урам зориг, эрч хүч, авьяас билгийг нь тэтгэж байдаг нэг том зүйл бол мэдрэмж гэж хардаг. Байнгын арчилж, тордож байхгүй бол үхчихдэг эмзэг эд. Мэдрэмж нь үхчихсэн хүнийг “орк” гэж хардаг. Өөрийгөө бол дажгүй мэдрэмжтэй нэгэн гэж үнэлдэг шүү.

7. Уншиж сурах. Болж өгвөл 4-5, болохгүй бол ядаж 2-3 төрлийн номыг зэрэг уншиж байх ёстойг ойлгосон. Нэг хэсэг роман их уншсан. Их л жингүйдсэн дээ. Төсөөллийн хүрээг тэлж, мэдрэмж хийгээд гоо зүйн тухай ойлголтыг дажгүй баяжуулдаг ч, уншиж байгаа ном зохиолын сэдвийн хүрээнд хязгаарлагдах гээд байдаг. Өөрийнхөө төсөөллийн ертөнцөд дэгдээд байдаг бүжин байхгүйн тулд багадаа л гурван төрөл байх ёстой юм шиг. Мэдээж утга зохиол эсвэл шинжлэх ухаан, хувь хүний хөгжил, бас тэгээд нарийн мэргэжлийн чиглэлийн ном бүтээл ч юм уу.

8. Бичиж сурах. Ямар ч хүнд бусдад тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлэх гэсэн нуугдмал хүсэл, хэрэгцээ байдаг. Магадгүй унших сонирхол, илэрхийлэх хэрэгцээ хоёрын дундаас бичих хүсэл маань төрөн гардаг байх гэж боддог. Бичилтийн чадвараа дээшлүүлэх, санаа бодлоо илэрхийлэх, бичвэрүүдийнхээ төрөл жанраа баяжуулах, бичилтийн өнгө аяс хийгээд хүнд гайгүй хэмжээнд хүргэх талаас бол хувьдаа боломжийн ахиц гаргасан л байх гэж өөдрөгөөр харж яваа даа. Бичмээр санагдсан бүхнээ биш, бусадтай хуваалцах нь зүйтэй гэж үзсэн тэр өнцгөөс л гаргаж бичихийг хичээдэг. Цээжин дэх сэтгэлийн төлөв, толгойн дахь санаа бодлын өнгө аяс хамтдаа гадагшилдаг сайхан л үйл байгаа юм.

9. Нээлттэй байх. Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангуй бай гэжээ. Эелдэг байхын тулд хүмүүст нээлттэй байх шаардлагатай юм байна лээ. Учир нь өнгөрсөн хугацаанд би хаалттай, дотогшоогоо төвлөрсөн “интроверт” сэтгэхүйтэй хүн байв. Бүхий л үед жентельмэн явсан ч, би хэн бүхэнд хаалгаа дэлгэх нь битгий хэл нээж онгойлгодоггүй хүн байв. Эсрэгээрээ би хүмүүстэй тогтоосон харилцаандаа уран сэтгэмжийн хачир ихтэй, хийсвэр төсөөлөлтэй хүн байсан учир бодит байдлыг багагүй гажуудуулж хардаг, нүцгэн амьдралыг горьдлого хүлээлтээр гоёж, өөрийн харилцаануудыг хийсвэрээр үнэлдэг нэгэн байсаар иржээ. Бодит байдалд миний төсөөлснөөс өөр нөхцөл, хандлага, харилцаа үүсдэг, хүмүүсээс ирэх хариу үйлдэл хүлээлтийн түвшинд хүрдэггүй байсан учир сэтгэл зүйн хувьд би их хямардаг байжээ. Одоо харин нээлттэй байж сурч байгаа.. Хаалгаа нээчихсэн, бага багаар дэлгэж л байна.

10. Хүмүүсийг ойлгож сурах. Хувь хүмүүсийн оршихуй, амьдралын хэв маяг, зорилго шалтгаан нь холоос бүгд адил төстэй мэт харагдавч хүн нэг бүрийн амьдрал цорын ганц, онцгой, давтагдашгүй байдгийг өөрийн амьдралын туршлагаас сэдэвлэн ухаарсан. Бусдыг шүүвэл би эргээд өөрөө шүүлтэнд орно. Байгаагаар нь хүлээн авч, ойлгох ёстой юм байна аа гэж бодох болсон. Хүн гэж зовлонгоо хуваалцаж чаддаг хэрнээ жаргалаа хуваалцаж чаддаггүй амьтан даа. Хүнийг харснаараа бүү дүгнэ, сонссоноороо бүү муул гэж хэлдэг юутай үнэн үг вэ. Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй. Ямар амьдрал туулсныг нь би ч, та ч, тэр хүнээс өөр хэн ч түүн шиг сайн мэдэхгүй шүү дээ..

11. Хүмүүст талархаж сурах. Өөрийн хувьд үнэ цэнэтэй, хүнд хэцүү, ээдрээтэй цагт, баяр жаргалтай хором мөчүүд, амьдралын өнгө бүхэнд надтай хамт байсан бүх хүмүүст талархаж сурсан. Өмнө нь миний дэргэд, надтай ойр байсан ч одоо дотно харьцахаа больсон, харилцаагаа тасалсан хүмүүст гомдохоо, тэднийг буруутгахаа больсон. Тухайн цаг хугацаандаа, өнгөрсөнд би ч мөн адил тэдний хувьд тодорхой үнэлэмжтэй байсан учир тэднийг уучилсан. Илүү их урам зоригтой, баяр баясгалантай амьдарч, хүмүүст талархаж чаддаг байхад суралцах ёстойг ойлгосон.

12. Ёс зүй ба хариуцлага. Санаа сэдлээ зөв удирдах, хүнийг хариу нэхэлгүй уучилж сурах, боломжийнхоо хэрээр шударга байх, хүнийг хайрлаж хүндлэх, тэвчээртэй байх нь хувь хүнээс хариуцлага, сахилга бат багагүй шаарддаг болохыг ойлгож, мэдэрч явна. Ажил амьдралынхаа замналыг зөв тавьж, түүндээ тууштай хандах, өнгөрсөн замаа эргэн харж, дотоод хүнтэйгээ ярилцан, дүгнэлт хийж, алдаа оноогоо зөв мэдрэх нь надад нэгийг бодогдуулж, ёс зүйтэй, өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай, зөв хүн байхад их хэрэгтэйг ухамсарлаж байна.

13. Зарчим. Ямар нэг зүйл хийхдээ түүний үнэ цэнэ, ирээдүйд маань ямаршуу байдлаар нөлөөлөх вэ гэдгийг сайн бодолцох ёстойг ойлгодог болсон. Хэрэв шийдсэн бол бусад хүмүүс юу гэж бодох бол дараагийн асуудал. Харин тухайн хийж буй зүйл хамаг нөөц чадал, тамир тэнхээ, үнэтэй цаг завыг маань сороод, бодитой нөлөө үзүүлэхгүй, амьдралын маань хэмнэлийг алдагдуулаад, эвдээд байвал түүнийгээ эртхэн засаж залруулах эсвэл зогсоох нь зөв.

14. Амьдралынхаа утга учрыг ойлгож эхлэх.
Сайн ажил олж, зээл авч том байшинд амьдрах нь үнэ цэнэ биш. Хамгийн гол нь өдөр бүрийн амьдралаасаа сэтгэл ханамж авч, өөрийгөө амьд байгаагаар мэдрэх нь амьд яваа төдий биш, амьдарч байгаа энэ цаг хугацааны бодит үнэн. Одоогийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийн, орхих хэрэгтэйг орхиж, авах ёстойгоо авч чаддаг байх ёстойг ойлгосон. Хэрэггүй зүйлдээ “-Үгүй” гэж хэлснээр хэрэгтэй зүйлдээ “-За” гэж хэлэх боломжийг нөхцөлдүүлэх нь амьдралыг маань илүү чанарлаг болгож, утга учир нэмэх байх аа..

15. Сэтгэлээрээ баян байх. 
Ядуу амьдарна гэcэн үг биш л дээ. Хэдий чинээ материаллаг зүйлсээс хараат бус байж чадна, төдий чинээ их цагийг амьдралын үнэт зүйлсдээ зарцуулна гэсэн үг. Гэр бүл, мөрөөдөл, мэдрэмж, ойр дотны хүмүүс. Эд хөрөнгө нэмэгдэхэд стресс дагаж нэмэгдэнэ. Хэрэглээний түвшинд дүйцэх материалаар баян, хэрэгцээнийхээ түвшинд дүйцэх сэтгэлээр баян явах нь тэнцвэр юм уу даа гэж боддог болж эхэлсэн. Зарим чемодан зөөдөг хөвгүүд шиг насаараа Лексус 570 мөрөөдөж, зарим шөнөдөө түүнийгээ нойтон зүүдлэн байх нь юутай гунигтай.. Хэрэгтэй зүйлээ л авах минь. Хүссэн бүхнээ биш.

16. Амар амгалан. Хүн сэтгэлийн амар амгаланг гаднаас бус дотроосоо хайж олсон цагт өөрийгөө аз жаргалтай хүн болгож чаддаг гэдгийг ойлгосон. Сөрөг бодолтой хүмүүстэй хэдий чинээ бага харьцах тусам амьдрал маань төдий чинээ амар амгалан болох болно гэдгийг ойлгож мэдрэх болсон.

17. Хүнд хайртай болох. Хүнд хайртай болсон цагт чамд тэр хүнээс өөр юу ч хэрэггүй мэт санагддаг. Харин тийм хүн байхгүй болсон үед юу ч байгаад хангалтгүй мэт санагддаг. Хажууд нь байхад цаг хугацаа зүүд нойронд мэт харван өнгөрч, байхгүй үед хором мөч бүхэн хоног өдрүүд шиг удаан өнгөрдөг болохыг мэдэрсэн. Харьцангуйн онол гэдэг нь л хайр байж..

18. Хайрлах ухаан. Сэтгэл хөдлөлийн хажуугаар хариуцлага ба хүмүүжил байх ёстойг ойлгосон. Нэг талдаа сэтгэлийн хөдөлгөөн байгаа ч, нөгөө талдаа хайр гэдэг чинь хариуцлага юм байна гэдгийг ухаарч мэдэрсэн. Ингэхлээр, амьдрал цэвэр хайр дээр биш бас ёс суртахуун, ухамсар, хүмүүжил дээр тогтдог юм байна шүү дээ гэж бодох болсон. Сэтгэл хөдлөлөө залж, барьж, хөгжүүлж, хойш нь татаж сурах хэрэгтэй. Хөл газар хүрэхгүй өдрүүд дуусах үед доошоо унах биш, хамтаа алхах хэрэгтэй болдог юм байна шүү дээ. Хайр дурлал эхэндээ гоо зүйн шинжтэй явж байгаад яваандаа хамт амьдраад, гэр бүл болоод ирэхээр ёс зүй, хариуцлага, сахилга бат дээр тогтдог юм байна гэж харсан.

19. Хүсэл. Хүссэнээрээ амьдарна гэж зүтгэж, хүсэл гэдэг биелж байх ёстой зүйл мэтээр итгэнэ гэдэг бол хүүхдийн зан л даа. Хүслийн хүч гэж байдаг. Тэрийгээ зөв амталж байх ёстойгоос биш хүслийнхээ боол нь болж болохгүй гэж боддог. Зарим хүн хүссэн бүхнээ авахыг зорилгоо болгочихсон, буруу бусармаг алхмаа ч хүслээр зөвтгөөд явах шиг харагддаг. Хүсэл гээч уг чанараартаа уруу татамхай, донтуулмаар учраас нүд ирмэх зуур л хязгааргүй шунал эсвэл бүр үзэн ядалт ч болж хувирдаг. Хүмүүсийн ихэнх нь амьдралаас чухам юу хүсээд байгаагаа мэдээд түүндээ ямар замаар хүрч болохыг ойлготол аль хэдийнээ оройтчихсон байдаг.. Би харин чухам юу хүсдэгээ тунгааж л явна даа..

20. Дурсамж. 
Цаг хугацаа гэж өөрөө чухамдаа бидний хувааж заагласнаар л хэмжигдэж буй зохиомол зүйл мэт. Одоо гэж байхгүй. Одоо чинь дөнгөж сая л өнгөрсөн рүү харван одсон. Харин ирээдүй гээд байгаа маань аль хэдийн одоод хүрээд ирчихсэн. Гэтэл одоо гэж байхгүй шүү дээ. Ийм л учраас дурсамжаас уйдсан хүмүүс бид түүнийг дундуур нь зааглан, орон зай үүсгэдэг гэлтэй. Хүний амьдрал гэдэг тийм зохиомол нэгжээр хиам шиг жигд сайхан зүсэгдчихдэг эд биш болохоор өнгөрсөн цагийн дурсамжаараа амьдардаг эсвэл ирээдүйн хойноос элдэн гүйж, өнгөрсөн дурсамжуудаасаа зугтаж, түүнийгээ үгүйсгэн амьдардаг хүмүүс ч байдаг биз..

21. Хүчтэй хүмүүс. Дуу хоолой нь сэтгэлд шингэцтэй, харц нь тогтуун, дотроо бодолтой, доороо буурьтай, нэгийг бодож хоёрыг тунгааж, биеэ цэгнэж явдаг учраас бусдыг хэзээ ч гаднах үзэмжээр нь сонждоггүй, жижиг сажиг зүйлсэд ч хариуцлагатай ханддаг, тал тохой татах заль бачгүй, завшаан хайдаггүй, байгаагаасаа өөр дүр эсгэж баг өмсдөггүй, тийм хүмүүс надад хүчтэй санагддаг. Өөрийн амьдралын хүнд хатуу сургамжаас, олон удаагийн уналт босолтоос ихийг сурч ойлгож авсан, бүтэлгүйтэл, хагацал, зовлонг даван туулж чадсан тийм хүмүүс. Хүний цаг үеийн янз бүрийн нөхцөл байдлыг мэдэрдэг, алдаа дутагдлыг нь уучилж чаддаг тийм хүмүүстэй харилцахад надад өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг.

22. Гоё хүмүүс. Байгаа байдал, хэлж ярьж байгаа үгс, хийж байгаа үйлдэл. Энгийн байдал, даруу төлөв харагдах хэдий ч цаанаа оюуны бядтай, сэтгэлийн хаттай улсууд. Уулзахад сайхан. Сайн сонсогч, илэн далангуй ярилцагч, бүтээлч зөвлөгч, урам зориг өгөгч, нууц хадгалагч, үнэ цэнийг эрхэмлэгч, амар амгаланг түгээгч...

23. Ирж буцах хүмүүс. Цаг хугацааны шалгуурыг даваад чамайг гээд үлдсэн хүмүүсээ л хайрла. Бусдад нь зүгээр л сайныг хүс ээ гэж.. Хэн нэгнийг хүчлэх, хэн нэгний хойноос хөөцөлдөж, өөрийн гэсэн замаасаа төөрч хазайх хэрэггүй. Чамайг орхиод явсан нэгнийг уучилж, сайн сайхныг хүсч явуулаад, чамайг гээд үлдсэн хүмүүсийн гарыг чанга гэгч нь атгаад хамтдаа урагшлах сэтгэлийн хаттай байх ёстойг ойлгосон. Чиний гэх хүмүүс чамайг гээд хүрээд л ирнэ. Гэлээ ч, санаанаас гардаггүй, дурсамжаас арчигддаггүй олон сайхан хүмүүс сэтгэл дотор минь амьдарсаар л явдаг шүү.

24. Жижигхэн хүмүүс. 
Сэтгэлээ уудлахын өмнө цаад хүнээ "цоорхой шанага" шиг жижигхэн амьтан биш гэдгийг баттай мэдэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Таньдаг мэддэг хүмүүс дотор ч “хоббитууд” байж л байдаг. Тэднийг ердөө таньдаг байхад л хангалттай. Дотносох нь битгий хэл уулзаад байх нэг их онцын шаардлага үгүй гэж боддог ч найзын найз, найзын найзын найз гэдэг орифлэймийн сүлжээ шиг харилцаагаар дамжин хааяадаа болзох хэрэг гарна аа. Одоо тэгээд яалтай ч билээ дээ. "Жижигхэн" хүмүүс чамд жижигхэн зан гаргахад хариу жижгэрч, доош орох хэрэггүй гэдэг зарчимтай л явж байя даа.

25. Гомдол ба гуниг. Хүн бусдад зориулсан сэтгэлийнхээ хэмжээгээр гомддог гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тийм л учраас магадгүй хүн болгонд биш ч гэлээ, олон хүнд мартаж чаддаггүй хэрнээ гүйгээд очиж болдоггүй хэн нэгэн байдаг байх. Хамгийн зөв нь ер нь гомдохгүй болоод сурчих л юм байна лээ дээ.. Даанч хүссэнээр болох биш дээ..

26. Хагацал зовлон. 
Яг үнэндээ чиний инээх шалтгаан, уйлах нулимс, туулах зовлон гуниг бусдад тийм ч сүртэй падлийгүй. Ойр дотны, хайртай дуртай хүн, төрөл садныг чинь нартаас буцахад ойр байсан нь өнчирч шаналахаас биш бусад нь "-Эмгэнэл илэрхийлье" гэх хэдэн хуурай үгс үлдээж, цээжилсэн ганц нэг маань, ерөөл хэлсэн болоод л мартдаг нь хатуу үнэн. Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ..

27. Үхэл.
Үхлийн талаар боддоггүй, бодлоо ч түүнийг ердөө л ямар нэгэн зугаатай адал явдал мэтээр төсөөлдөг үедээ хүн залуу явдаг гэж нэг хүн хэлсэн юм билээ. Үхлийн тухай бодож эхэлснээр бид залуу настайгаа салах ёс гүйцэтгэж, амьдрал бол ерөөсөө л ухаалгаар үхэх процесс юм гэдгийг олж харж эхэлсэн тэр цаг үеэс л залуу насаа орхин одож эхэлдэг байх аа, бид. Үхлийн тухай бодол бидэнд амьдралыг хайрлахуйд сургаж, цаг хугацааны үнэ цэнэ, түүний аугаа хэмнэлийг олж чагнахад тусладаг гэлтэй. Үхэл гэдэг амьдаас илүү агуулгатайг олж харсан бодгаль гэгээрдэг юм гэсэн..


Хүүрнэсэн,
Ариунаагийн Балжинням
2018.01.10-ны өдөр. 00:20 цаг. Улаанбаатар.