Техник технологийн үсрэнгүй хөгжил, улам бүр даяаршиж буй өнөөгийн нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд англи хэл сурах нь зайлшгүй хэрэгцээ болоод байгаа билээ. 

Гэвч хүн бүр хэлний мэдлэгээ сайжруулах аргаа тэр бүр мэддэггүй, мэддэг байлаа ч тууштай хэрэгжүүлдэггүй. Энэ нь өөрөө замын дундаас шантрах шалтгаан болдог байна. Тиймээс та бүхэнд англи хэлний мэдлэгээ хэрхэн системтэйгээр сайжруулах энгийн бөгөөд үр дүнтэй алхмуудыг хүний хөгжлийн дасгалжуулагч Д.Отгонтуяа зөвлөж байна.

1.Хэрэгцээгээ оновчтой тодорхойл

Англи хэлний мэдлэг чухал. Гэхдээ сурахаасаа өмнө тухайн хүн сурах хэрэгцээгээ эхлээд ойлгож, тодорхойлох нь чухал. Иймээс юуны өмнө “Надад Англи хэлийг судлах, сайжруулах зайлшгүй хэрэгцээ байгаа юу?”, "Яагаад сурах ёстой вэ?" гэдгээ дахин нэг тунгаан бодож үзээрэй. Жишээ нь, та хүүхдийнхээ сайн аав, ээжийн хувьд хүүхдийнхээ англи хэлний хичээлийг давтуулах хэрэгцээтэй гарлаа гэж төсөөлье. Энэ тохиолдолд таны хэрэгцээ маш тодорхой, бас та өөрөө хэрэгцээ шаардлагаа ухамсарласан учир таны хүчин зүтгэл танд эерэг үр дүн авчрах нь гарцаагүй. Хүн үнэхээр ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсээд, зохих хичээл зүтгэл гаргавал заавал үр дүнд хүрдэг.


2.Мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөр

Эхний алхмаараа бид англи хэл сурах хэрэгцээ шаардлагаа нэгэнт тодорхой болгосон билээ. Дараагийн алхам нь та англи хэлний мэдлэгээ ямар төвшинд яваагаа үнэн зөв, шударгаар тодорхойлох ёстой. Англи хэлний дөрвөн чухал ур чадвар болох ярих, бичих, сонсох, унших чадварыг тус бүрээр өөрийгөө оношлоорой. Оношлохдоо дээрх дөрвөн ур чадвараа жагсааж бичээд багана тус бүрийг 1-5 оноогоор үнэлээрэй. Мэддэг, мэддэггүй, чаддаг эс чаддагаа бодитоор үнэлж, мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх нь суралцах, амжилтаа ахиулахад маш чухал нөлөөтэй.

3.Төлөвлөгөөтэй ажилла

Та англи хэлний түвшингээ тодорхойлж юуг мэддэг, мэддэггүйгээ бодитоор үнэлсэн. Одоо таны хийх дараагийн алхам бол мэдэхгүй дээрээ төвлөрч, мэдэхгүйгээ мэдэх төлөвлөгөө зохиох юм. 

Энэхүү төлөвлөгөөг зохиохдоо 7 хоногийн өдөр бүрээр маш дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой байдлаар төлөвлөөрэй. Жишээ нь, XI сарын 20-ны өдөр “Жирийн одоо цаг” дүрэм 45 минут, сонсгол 5 минут, уншлага 10 минут гэх мэтээр тухайн нэг өдөрт давтах хичээлийн нэр, нийт зарцуулах хугацааг маш тодорхой төлөвлөх нь чухал. Энэхүү дадал нь үр дүнгээ хянах, баталгаажуулах болон амжилтаараа бахархах сэдэл, урам зориг болдог. Би хэл сурч байгаа хүмүүст 7 хоног бүрийн бямба гаригт төлөвлөгөөгөө хянаж, үр дүнгээ баталгаажуулахыг зөвлөдөг. Жишээ нь, тухайн 7 хоногт нийт хэдэн цагийг англи хэл сурахад зарцуулсан, нийт хэдэн дүрэм шинээр үзсэн, хэдэн шинэ үг цээжилсэн гэх мэтээр сурсан, мэдсэн зүйлсээ бодитоор дүгнэхийг санал болгодог. Ингэж өөрийн төлөвлөгөөг бодитоор үнэлж дүгнэх нь цаашид улам ихийг сурах гол хөшүүрэг болдог.

4.Сурснаа давтах найзтай бол

Аливаа зүйлийг бүрэн эзэмших чухал бөгөөд үр дүнтэй арга бол бусадтай хуваалцах, бусдад заах билээ. Сурснаа бусдад зааж, тайлбарлах, харилцан ярилцахад ашиглах нь англи хэлийг өөрийн болгож эзэмших хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Та өөрийн гэр бүлийн гишүүд, ангийн найз нөхөдтэйгөө шинэ сурсан зүйлээ давтах боломжтой. Жишээ нь, та өнөөдөр сурсан шинэ гурван өгүүлбэрээ жаахан өөрчлөөд ах, эгч, дүү нартайгаа ярилцаж болно шүү дээ. Хэрвээ бяцхан дүүтэй эсвэл бага насны хүүхэдтэй бол тэд таны хэл сурах үйлсэд туслах хамгийн дотнын туслагч болно гэдгийг хэлмээр байна. Учир нь ихэнх хүүхдүүд Youtube, Baby TV зэрэг мэдээллийн хэрэгслийг маш олон удаагийн давтамжтай үздэг учир тэдний хэллэг маш цэвэрхэн байдаг төдийгүй таныг англиар яриад эхэлбэл маш дуртай хүлээн авна. Тэд таны асуултад хариулаад зогсохгүй танаас асуулт асууж,дуртайяа харилцан ярилцах болно. Энэ үнэн шүү! Та туршаад үзээрэй. Таны оролдлого тэдэнд маш их таалагдах болно. Сайхан боломж байгаа биз.

5.Интернэтийг овжин ашигла

Техник,технологийн үсрэнгүй эрин зуунд амьдарч байгаа нь өөрөө англи хэл сурах маш том боломж юм. Хэлээ улам сайжруулах нэг арга бол интернэтэд байгаа англи хэлний сурах үнэгүй цахим хуудас, цахим номыг ашиглаарай. Хүн аливааг сурахдаа аль болох олон эх сурвалжаас мэдээлэл авч, хооронд нь харьцуулах замаар сурдаг. Үүнтэй адилаар англи хэлийг ч мөн адил тухайн чиглэлээр мэргэшсэн, мэдлэгтэй олон хүмүүсээс мэдээлэл авч сурвал эцэст нь та өөртөө тохирсон гайхалтай сурах арга барилыг эзэмших болно. Жишээ нь, энд дарж цахим хуудсаар зочлоорой. Энд та өөрөө суралцахаас гадна хүүхдэдээ англи хэлийг хэрхэн, яаж заах тухай насны ангилал бүрээр сонирхолтой, хөгжилтэй аргуудыг оруулсан байдаг.  Суралцахад бөгөөд хэрэглэхэд маш хялбар.

6.Англи хэлээр ном унш

Ном болгон сайн биш. Эхний аль болох удаад нимгэн бөгөөд энгийн үг хэллэгтэй байвал зүгээр. Жишээ нь, хэрэв та ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагч хүүхдэд Нобелийн шагнал зохиолч Эрнест Хемингуэйн “The old man and the Sea” буюу “Өвгөн тэнгис хоёр” богино хэмжээний өгүүллэгийг унших нь тохиромжтой. Энэхүү богино өгүүллэгийг унших явцдаа англи хэлний дүрмийн мэдлэгээ бататгахаас гадна монгол эхтэй нь тулгах маягаар орчуулгын ур чадвараа сайжруулах боломжтой. Үүнээс гадна, англи хэлээрх цахим, аудио номуудыг ч уншиж болно. 

Хамгийн гол нь уншиж эхлэхдээ аль болох нимгэн ном сонгож аван эхний удаад 1-2 сарын хугацаанд нэг л номоо унших нь маш үр дүнтэй байдаг шүү. Олон туулай зэрэг хөөсөн хүн яадаг билээ, тийм ээ?

7.Англиар тэмдэглэл хөтлөх

Бидний сайн мэддэг, бишрэн шүтдэг эрдэмтэн, мэргэдийн амжилт энгийнээс эхлэлтэй байдаг. Тиймээс та яг одооноос эхлээд англи хэлээ сайжруулахаар шийдсэн бол таны эхлэх энгийн алхам бол өдөр тутмын үйл явдал, төлөвлөгөө, хүслийн жагсаалтаа англиар бичиж эхлэх юм шүү. Далай усны дуслаас бүрддэгийн адил англи хэлээр чөлөөтэй ярьдаг, бичдэг, сэтгэдэг болохын тулд та нэг үгийг, нэг өгүүлбэрийг англиар бичихээс эхлээрэй. 

Зөв эхлэл бол амжилтын 50 хувь учир хойш тавилгүй, яг одооноос бичиж эхэл. Жишээ нь, To do list буюу “Хийх зүйлсийн жагсаалт”, Wish List буюу “Хүслийн жагсаалт” гэх мэт. Амархан байгаа биз?!

8.Тууштай бай

Тоглоомд хожигдохыг хүсдэг хэн байх билээ. Хүн бүрд сурах боломж бий, гагцхүү энэхүү боломжийг үр ашигтайгаар, тууштайгаар хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Зарим нь эрч хүчтэй эхлүүлдэг нь замын дунд уйдамтгай, туйлбаргүй байх нь бий. Англи хэлийг сайн сурах хамгийн гол арга бол та анх эхэлсэн шигээ, цаашид нь тууштайгаар, хариуцлагатайгаар үргэлжлүүлэх чухал юм шүү. Сахилга батын соёлтой хүмүүс үргэлж аливаад цойлдог хуультай. Тиймээс та сахилга батын соёлтой байгаарай. Та чадна, танд амжилт хүсье.