УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зам тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийх товтой.

Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар хийлээ.

Тус мэдээллээс Агаарын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.

Монгол Улс нийт 16 агаарын хаалгатай бөгөөд ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай 6 агаарын хаалгаар хиллэдэг. Монгол Улсын агаарын зайг доод болон дээд агаарын зай гэж ангилан зургаан секторт хуваан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж байна.

Агаарын тээврийн салбарт нийт 13 агаарын тээврийн гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын 21, орон нутгийн 12, нийт 33 чиглэлд дотоод, гадаадын 12 агаарын тээвэрлэгч нислэг үйлддэг. Эдгээрээс гадаадын 8 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна.

Агаарын тээврийн салбарт Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал төсөл”-ийн барилгын ажлыг дуусган улсын комисс хүлээн авч, ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр концессын гэрээг байгуулсан бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Түүнчлэн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүллээ. 

Мөн Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг шинэчлэн сайжруулах ажил хийгдэж, ашиглалтад хүлээн авч байна.

Цаашид агаарын тээврийн салбарт орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд анхаарч Дорнод, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С болгох, Баянхонгор, Хэнтий аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 3D болгох, мөн ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх дэд бүтцийг байгуулах чиглэлээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн мэдээллээ.