Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хумхаа өвчний эсрэг эм гидроксихлорокиний туршилтыг даваа гаригт түр зогсоолоо. Уг эмийг нэлээн оронд коронавирусийн эсрэг эм болгохоор туршиж байсан юм.

Саяхны судалгаагаар уг эм өвчтөний нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж үзжээ. 

Энэ талаар эрүүл мэндийн "Лансет" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материалд гидроксихлорокинийг дангаар болон антибиотиктай хослуулан короравирусийн халдвартай 15,000 гаруй өвчтөнийг эмчлэхэд ямар ч үр дүнгүй байсан талаар дурдсан юм. Түүгээр ч зогсохгүй клиник туршилтын үеэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд дунд нас баралтыг нэмэгдүүлсэн тул хэрэглэж болохгүйг анхааруулсан байна.

Өмнө нь АНУ-ын эрүүл мэндийн албаны хүмүүс уг арга зүрх судасны өвчин үүсгэж болзошгүй гэдгийг  мэдэгдсээр байсан билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг эмийг удаа дараа сайшааж, коронавирусээс хамгаалах зорилгоор өөрөө хэрэглэж байсан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн юм.  


Эх сурвалж: BBC