Твиттэрт хамгийн идэвхтэй улстөрчдийн нэг АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump твиттер аккаунтаа хэрэглэхээ боливол твиттэр сүлжээ хоёр тэрбум гаран долларын алдагдал хүлээнэ  гэж Блүүмберг /www.bloomberg.com/ агентлаг мэдээлэв. Энэхүү тооцоо судалгааг  Monness Crespi Hardt & Co компанийн шинжээч Жеймс Какмак /James Cakmak/ гаргасан байна.  Цаг үргэлж жиргэдэг, үүнийгээ шинэ цагийн ерөнхийлөгчийн үйлдэл хэмээн тайлбарладаг тэрбээр 2009 онд сошиал ертөнцөд нэгджээ. Түүнээс хойш  36 сая буюу хамгийн олон дагагчтай болж нийт  35,6 мянган удаа жиргээд байна.  Олон нийтийн сүлжээг ашиглан мэдэгдэл хийдэг Donald Trump-ийн хэв маяг нь Америкийн Ерөнхийлөгчийн түүхэнд байгаагүй арга барил юм. Цаг үргэлж твиттерээр ажил хэргээ явуулж байна гэж АНУ-ын ард иргэд төдийгүй Бүгд найрамдах, Ардчилсан намын гишүүд Donald Trump-ийг шүүмжилдэг. Гэвч энэ бүхнийг үл тоон АНУ-ын ерөнхийлөгч хууль ёсны дүрэм, журмаас гадна хувийнхаа үзэл бодлыг сошиалд чөлөөтэй илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн.

Түүнд жиргээгүй өдөр бараг байхгүй бөгөөд тэдгээр жиргээнүүдэд Business Insider анализ хийжээ. Трамп голдуу өглөөний 7-8 цагийн хооронд жиргэх дуртай гэнэ. Хамгийн дуртай сэдэв  бас голдуу хэрэглэдэг хаштаг нь хэвлэл мэдээлэл, Fake news, Оросын хакер ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалт, эдийн засаг, ажилгүйдэл. Эдгээр жиргээ бүхнийг  тэр байтугай алдаатай бичээд устгасан бичвэрүүдийг хүртэл Америкийн Үндэсний Архивын газарт баримт болон албан ёсоор хадгалдаг ажээ.

Энэ тухайгаа саяхан тэрбээр твиттер хуудсандаа  “Би нийгмийн сүлжээг ашиглахаа болихгүй. Энэ бол дэмжигчдэдээ ямар нэгэн шалгуургүйгээр үнэн зөв мэдээлэл хүргэх хэрэгсэл зам юм. Зөвхөн ташаа мэдээлэл түгээгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Д.Трампын дайснууд л намайг сошиалаас гаргахыг хүсдэг хэмээн жиргэжээ.

Одоогоор твиттерт дагагчдынхаа тоогоор тэргүүлдэг нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг Donald Trump тэргүүлж байна. Түүнийг ерөнхийлөгч болсноос  хойш дагагчид нь 6,5 хувиар нэмэгдсэн юм. Trump-аас өмнө уг жагсаалтыг Ромын пап тэргүүлдэг байжээ. 

Сонирхуулахад Donald Trump-ийн жиргээ тухайн цаг үедээ үргэлж дуулиан шүугиан дагуулдаг. Зарим жиргээнүүд инээлгэж, уурлуулж бүр нэг хэсэг нь төрийн тэргүүний эгдүүг хүргэсэн зурвас бичиж блоклуулсан ч тохиолдол бий гэнэ. Үүнийг  олж харсан онлайн худалдаагаар тэргүүлэгч Америкийн Amazon компаниас Toilet Tweet нэртэй ариун цэврийн цаас худалдаанд гаргасан удаатай.