Хүн аалз, Төмөр хүн, Халк, Ахмад америк тэргүүтэй супер баатруудыг дэлхийд танилцуулсан Комик зохиолч Стэн Ли 95 насандаа таалал төгслөө. Энэ өдөр Marvel Comics болон The Walt Disney кино компани хүндтэй хүнээ алдсандаа харамсаж, гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

"Стэн Ли бол бүтээсэн баатрууд шигээ агуу, онцгой хүн билээ. Тэр бусдад үлгэрлэх, хөгжөөх, догдлуулах, бусадтай холбоо тогтоох чадалтай. Стэн Лигийн төсөөлөл түүний зүрх сэтгэлээр л хязгаарлагдана" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Боб Игер дурслаа.

Стэн Ли нэрээрээ алдаршсан Стэнли Мартин Либер хүүхэд байхаасаа л хэл, утга зохиолын хоббитой байсан билээ. Түүний зохиолоос сэдэвлэн Марвелын кино ертөнцөд гэхэд л 20 кино хийсэн юм. Ийнхүү комик сонирхогч, супер баатруудын ертөнцөд дурлагч хүмүүс гашуудаж, хамтран зүтгэгчид нь түүнийг дурсан санаж байна. 


Стэн Ли

“Бусад хүн гүүр барьж, анагаахын шинжлэх ухааны салбарт карьераа дээшлүүлж байхад би нэг муу комик зохиодог гэж бодохоор ичдэг байлаа. Харин дараа нь энтертайнмент гэдэг хүмүүсийн амьдралд хамгийн чухал нөлөөтэй зүйлсийн нэг болохыг ойлгосон. Хөгжиж баясахгүйгээр хүмүүс харанхуй нүхэнд унаж мэднэ. Тиймээс хүмүүсийг хөгжөөж, догдлуулж чадвал, тэр сайн зүйл хийлээ гэсэн үг.”