САН-ДОМИНГО. /CNN/. Доминиканы Бүгд Найрамдах Улсад АНУ-ын дахин нэг жуулчин нас барж, өнгөрсөн оноос хойш тус улсад нас барсан Америк иргэдийн тоо найм хүрчээ.

53 настай Леайла Кокс зүүн нутгийн Пунта Кана хотын “Excellence” амралтын газрын зочид буудалд зургадугаар сарын 10-нд нас баржээ. Л.Кокс зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж зочид буудлын ажилтан задлан шинжилгээний дүнг иш татан мэдээлсэн байна. 

Доминиканы эрх баригчид нас барагсад өөр өөр шалтгаанаар амиа алдсан талаар мэдээлээд, цаашид жуулчдын аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлд ажиллана хэмээн мэдэгджээ. 

“Сүүлийн таван жилийн хугацаанд Доминиканаар гадаадын 30 сая гаруй хүн аялсан хэдий ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ийм мэдээлэл анх удаа гарч байна” гэж тус улсын Аялал жуулчлалын сайд Франциско Хавьер Гарсия энэ сарын эхээр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг