Отгонтэнгэр ууланд авираад буух явцдаа цасан нуранги үүссэний улмаас 17 иргэн сураггүй болж, Завхан аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын аврах багийнхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Эрлийн явцад өнөө өглөө 11 цаг 15  минутад эхний хүний цогцсыг олж , хамгийн сүүлийн мэдээгээр сая 15 цаг 15 минутын байдлаар нийт 7 иргэний цогцсыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс оллоо. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сураггүй болсон 17 иргэн 30-50 настай бөгөөд тэдний 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй, уулнаас буусан 10 иргэний 3 нь эмэгтэй 7 нь эрэгтэй аж.

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг өнөөдөр 13 цаг 30 минутад МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон байна.