Нүүрс тээврийн жолооч нарын эрх зөрчигдөж, урт цуваа эгнэсэн зам дээр идэр залуус амь насаа алдсаар байна. Өчигдөр гэхэд нүүрс тээврийн жолооч машиныхаа бүхээгт шатаж нас барсан харамсалтай явдал гарлаа. Өмнө нь буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нүүрс тээврийн машины жолооч мөн л машиныхаа халаагчаас гал алдаж бүхээгтээ амь насаа алдсан. Гэвч өнөөдрийг болтол хохирогчийн 3 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэврээ тогтоолгож чадаагүй явна. 

Энэ мэтээр амь насаа алдаагүй ч гэсэн Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэр хийж яваа залуус гэмтэж бэртэн хийж бүтээх насандаа халамжийн бүлэг рүү шилжсээр байна. Гэвч ихэнх тохиолдолд нүүрс тээврийн компаниуд хариуцлага хүлээдэггүй. Буруугаа ямар нэгэн аргаар өөрсдөөсөө холдуулж нөхөн төлбөр олгохгүйгээр хэргээс мултардаг байна. Энэ асуудлаар “Баян зам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав болон эрх нь зөрчигдөж эрүүл мэндээрээ хохироод байгаа нүүрс тээврийн жолооч нар, тэдний ар гэрийн төлөөлөл ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубынхантай уулзсан юм.

Фото: Хүний эрхийн үндэсний комиссын байрандЭрүүл мэндийн шалтгаантай боловч уг уулзалтыг зорин ирсэн зочдын нэг бол А.Алтангэрэл. Тэрбээр хөдөлмөрийн гэрээтэйгээр нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байхдаа ажлын байр дээрээ тархиндаа цус харважээ. Өнөөдөр хөдөлмөрийн чадваргүй болж, ярихад ч бэрхшээлтэй, байнгын эмчилгээтэй амаргүй амьдралыг туулж явна. Тэр ажиллаж байсан компаниасаа ямар ч нөхөн төлбөр авч чадаагүй. Учир нь МХГ-аас дүгнэлт гаргахдаа үйлдвэрлэлийн осол биш гэж үзсэн байна. Нөхөн төлбөр өгдөггүй юмаа гэхэд хэвтэрт байгаа түүнд хүний ёсоор хандаж сэтгэлийн болтугай дэм өгөөгүйгээр барахгүй хэл амаар доромжилжээ. Итгэл өвөрлөн уулзахаар очсон ээжид нь "Чаддаг юм бол хөл дээрээ босоод мөнгөө аваг" гэж хэлсэн "Дөрвөн зам транс" ХХК-ийн захирал Оргил гэгчид А.Алтангэрэл гуай голдоо гомджээ. Өөрийнхөө түүхийг ярьсан нь цаашид олон залуус битгий хохироосой, төр засаг нь иргэндээ хүний ёсоор ханддаг тогтолцоо бий болгоосой гэснийх.

Хууль журмын дагуу ажиллаж байгаад ийнхүү хохирсон иргэдээс гадна хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж буй нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл бүр ч хүнд. Нүүрс тээврийн компаниуд жолооч нараа ямар нэгэн байдлаар осолд орсон л бол харилцахаа больдог. Нэгэнт буух эзэнгүй, буцах хаяггүй учраас жолооч нар хандах газаргүй хохирч хоцордог нь энгийн л үзэгдэл гэв. Х.Чулуунбаяр бол тэдгээр хариуцлагагүй компаниудын хохирогчдын нэг. Тэрбээр осолд орж хоёр хөлөө тайруулжээ. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар ямар ч ойлголтгүйгээр даацын машин барьж эхэлсэн хүмүүсийн нэг. Хажуунаас нь даацын машин орж ирэхэд ядаж мэнд үлдэх гэсэндээ хажуу тийш даран машинтайгаа унаж, ийнхүү тэргэнцэртэй болжээ. 

Ажиллаж хөдөлмөрлөх ид насандаа хуулиа мэдэхгүйгээс хохирч халамжийн мөнгөөр амьдралаа залгуулж яваадаа харамсдаг гэлээ. Амьдралын хүнд үетэй нь зэрэгцэн гэр бүлийн хүн нь орхиж явжээ. Өдгөө тэр хоёр охинтойгоо амьдардаг. 

Яг түүн шиг ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийдэггүй компаниудаас хохирч үлдэж буй идэр залуу ажиллах хүчин Өмнөговийг зорьсоор байна. Хүнд нөхцөлтэй гэдгийг нь мэдэх ч Монголын Солонгос гэгдсэн уг газар руу зорих залуусын цуваа нэмэгдсээр л...Шивээ хүрэн боомт, Ганц модны боом орчимд өдөрт заавал 4-5 осол гардаг. Сар бүр дор хаяж 1 хүний амь нас хохирдог, сард 120 орчим хүнд болон хөнгөн осол болдог аж. Тэнд хүний амь үнэ цэнгүй зүйлүүдийн нэг болжээ. Тиймээс жолооч нар сүүлийн 10 жил нүүрс тээврийн замд 50 гаруй хүний үрэгдсэн гэх албан тоог бодит бус гэлээ. 

Тээврийн компаниуд ч ашиг  бодож хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй эсэхийг ч хайхардаггүй. Жолоочоор очсон залуус ч хурдхан шиг хэдэн эргэлтэд явж мөнгө хийхээ бодохоос биш хөдөлмөрийн гэрээ хийхийг шаарддаггүй, хуулийн мэдлэг дутмагаас ийнхүү хохирч байгааг хараад тэр зүрх шимширдэг гэлээ.

Тавантолгой Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг 180 компанийн 13 мянган жолооч бий. Шивээ хүрэн боомттой нийлээд мөн боомт даган хувиараа бизнес хийж, дэлгүүр гуанз ажиллуулж буй иргэдийг оруулвал энэ тоо бараг 20 мянган орчим болно. Энэ тооны хүмүүсийн ард гэр бүлийг нь оруулж тооцвол бараг 100 мянган хүн нүүрс тээвэр дагасан жимээр аж төрдөг. Нэг Оюутолгой, хоёр Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх дайны ажиллах хүчин зүтгэж байна гэж бодохоор эзэнгүй мэт хаягдсан энэ газарт төрийн бодлого, түшмэлүүдийн хараа хяналт дэндүү сул байгаа нь жолооч нарын ярианаас тодхон харагдана. 


Харахад монгол эзэнтэй боловч 80 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай. Осолд орсон жолооч нар хятад эздээсээ юу ч олж авч чадахгүй гэж боддог. Уг нь энэ компаниуд бүгд Монголд бүртгэгдэж байгаа ААН-үүд шүү дээ гэж “Баян зам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав хэллээ. Эрүүл мэндээ золин хохирсон ч заргалдаж маргалдахгүйгээр хувь заяатайгаа чимээгүйхэн эвлэрч буй залуусынхаа өмнөөс харамссан М.Нямжав хариуцсан компаниудад нь гомдол гарган хандсан ч хариу өгсөн удаагүй гэнэ.

Энэ байдлыг харсан тэрбээр холбоогоо байгуулж тээвэрчдийн эрх ашгийн төлөө дуугарч эхэлжээ. Тэрбээр "2018 онд ЭТТ түүхэндээ байгаагүй өндөр ашигтай ажилласан. Ард нь олон хүний халуун амь бүлээн цус, эрүүл мэндээрээ дэнчин тавьж бий болсон бий болсон гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас эрсдэлд орсон зорилтот бүлэг болчихсон энэ хүмүүст нөхөн олговор өгөх юм уу ямар нэгэн байдлаар эргэж харах ёстой. Жолооч нар хөдөлмөрийн гэрээг зохицуулалтыг эргэж харах цаг нь болсон. Бид хангалттай удаан хүлээлээ" гэлээ.

Халаагч сэнснээс оч үсрэн машиныхаа бүхээгт амь насаа алдсан залуугийн гэргий Ж.Туул ч бас хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр 1-8 настай 3 хүүхэдтэй үлдсэн тэрбээр хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгож, оршуулгынх нь зардлыг ч авч чадаагүй гэв. Тэтгэмж тогтоолгохын тулд нийгмийн даатгал бүрэн төлөгдсөн байх ёстой аж. Тухайн үед нөхрийнх нь барьж явсан машиных нь хариуцагч компани болох “Омог цагаан шонхор” компанид хандсан ч төлж өгөөгүй байна. 

Тэрбээр "Маш олон хүн хариуцлагагүй компаниудаас болж эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Тэдний ард гэр бүлийн эрх ашиг хөндөгдөнө. Тиймээс би дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гэж бодсон. Ажил олгогч “Омог цагаан шонхор” компани үүргээ гүйцэтгээгүй учраас бид Оюутолгой компаниас тусламж хүсч ГССҮТ-д хандсан. Аргаа бараад арьс нөхөх хагалгаа хийлгэх гэж олны туслалцаа хүсэн хэвлэлийн хурал хийхээр шийдэж байлаа. Тухайн үед “Омог цагаан шонхор” компаниас над руу залгаад байгууллагын нэр хүндэд халдах гэлээ, тэгвэл өөрөөр ярина шүү гэж дарамталсан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Үнэндээ жолооч нар нүүрс тээврийн компаниудыг Хятадынх гэж боддог. Гэтэл бүх машин Монгол эзэнтэй, Монгол улсын ААН болж бүртгэгддэг юм билээ Манай хүнийг нас барсны дараа хоёр удаа уулзаж шүүхэд өгсөн хэрэг, гомдлоо ав гэж уулзсан. Ажил олгогч нарт ажиллаж байгаа тээврийн жолооч нарынхаа нийгмийн асуудлаа шийдэж өгөхийг хүсмээр байна. Ядаж л утасны сүлжээ барьдаг болгож болно шүү дээ. Ард нь үлдсэн гэргий нар утсаар ч холбогдож чадахгүй учраас үхсэн амьдыг нь ч мэдэхгүй шаналж суудаг. Миний нөхөрт тохиолдсон явдал бусдад тохиолдоход ч бэлэн байгаа. Албаны хүмүүс 8 жилийн хугацаанд 50 хүн нас барсан гэдэг. Энэ бол бодит тоо биш. Мөрдөн байцаагч нь хүртэл та нар сонсвол жигшмээр тоо бидэнд бий гэсэн" гэв.

Дан эрчүүд ажилладаг ачаа тээврийн ажилд эмэгтэйчүүд сүүлийн хоёр жил хүч орж иржээ. Тэдний дийлэнх нь 3 хүртэлх хүүхэдтэй ганц бие, өрх толгойлсон ээжүүд. Одоо 200-аад эмэгтэй ажиллаж байгаа гэж С.Майхүү хэлэв. Тэрбээр  сүүлийн хэдэн сар сэтгэл санааны гүн дарамттай яваа гэдгээ сэтгүүлчдэд нулимстайхан ярьлаа. Шивээ хүрэнгийн Сэкэ боомтод хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлэхдээ ядахдаа монголын хил рүү оруулж өгөөч гэж хүсэлт тавьсан 200 гаруй монгол жолооч нар нэгдсэн нь түүнийг баривчлан байцаах шалтгаан болжээ. Тухайн үед бухимдахдаа фэйсбүүкээр шууд бичлэг хийсэн нь мөн хилийн дотор бүсэд хамтдаа үзэл бодлоо илэрхийлсэн нь ийнхүү түүнийг сэтгэл санаагаар унагаж хорьж байцаах том шалтгаан болжээ. Ард нь үлдсэн 3 хүүхэд, гэр бүл нь түүнийг хэзээ ирэх бол гэж сэтгэл түгшин суусан гэв. Одоо тэр Хятадын хил орох болгондоо байцаалт өгдөг гэнэ. Гэтэл Монголын хилийн цэрэг, МХГ, Гаалийн байцаагч ч хүртэл уг асуудлаар түүнийг дарамталж байцаалт авч сэтгэл санаагаар дарамталдаг гэлээ.

ЭТТ ХК  энэ жил оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, Говийн ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулна , олон улсын зах зээлээс хөрөнгө босгоно гээд олон гоё ажлууд төлөвлөжээ. Сайн хэрэг л дээ.

Гэхдээ том ярих яах вэ бодит байдал дээр ажлын ихэнхийг нугалж байгаа жолооч нарын нөхцөл байдал ийм хүнд байгааг төлөөлөл нь ийнхүү ярьж байна.

“Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компани нүүрс худалдан авагч компаниуддаа тээвэрлэлтээ даатгаад өөрсдөө хариуцлагаас бултаж, өөрөө  ямар нэгэн хариуцлага хүлээхгүй явж ирсэн нь ийнхүү асуудлыг улам бүр даамжруулсаар ирсэн. Гэхдээ энэ хандлагыг эрс өөрчлөх цаг нь болжээ.

Тэгээд ч юун түрүүнд тээвэрлэгч компаниудаа шахаж хариуцлагажуулахгүй бол олон улсын хөрөнгийн зах дээр долоо хоногт нэг удаа хүний амь зольж байгаа IPO хэр амжилт олох эсэх нь дэндүү эргэлзээтэй.