“Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" фэйсбүүк хуудаснаас авна уу.

Эрүүл аж төрж, урт наслах нь өдөр тутмын хэвшсэн дэглэмтэй байхаас шууд хамаардаг. Эрүүлжих, жин хасах зорилгоор ямар нэг сургалтанд хамрагдаж, сургалтаас авсан мэдлэгээ өөрийн болгон амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд та долоо хоногийн өдрүүдээ зөв зохистой хуваарилах нь хамгийн чухал.

Монгол орны цаг агаарын онцлог, хоол хүнсний чанараас шалтгаалан хүмүүсийг цагаан хоолтон болохыг би төдийлэн дэмждэггүй. Харин долоо хоногийн өдрүүдээ зөв зохистой хуваарилахыг л үргэлж санал болгодог. 

Долоо хоногт махан хоол идэх өдрийн тоогоо багасгах, нэг удаа хоол хийх махны хэмжээгээ багасгах, хоол цай идэж уух аяга тавагны хэмжээгээ багасгах, тогтсон өдрүүдэд сахар, сүүн, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах гэх мэт энгийн зүйлсийг өдөр тутамдаа хэрэгжүүлэх нь эрүүл байх энгийн боловч асар их үр дүнтэй аргууд юм.

Миний ажиглалтаар, судалгаагаар, туршлагаар долоо хоногийн өдрүүдийг дараах байдлаар хуваарилахад үр дүнтэй санагдсан.

 

Даваа гараг – хүссэн хоол ундаа идэх өдөр

Мягмар гараг – хөнгөн хооллох, хагас мацаг

Лхагва гараг - хөнгөн хооллох, хагас мацаг

Пүрэв гараг - хөнгөн хооллох, хагас мацаг 

Баасан – хүссэн хоол ундаа идэх өдөр 

Бямба гараг - хүссэн хоол ундаа идэх өдөр 

Ням гараг – оройн хоолнооос татгалзах өдөр 

Даваа гараг нь долоо хоногийн ажлын эхний өдөр, ачаалалтай өдөр учраас энэ өдрийг дуртай хоол ундаа идэн, сэтгэл санаа өөдрөг давахыг хүсдэг. Долоо хоногийн дундах өдрүүд болох мягмар, лхагва, пүрэв гарагууд нь ямар нэгэн эрүүлжих дэглэм барих болон мацаг эмчилгээ хийхэд зохимжтой өдрүүд юм. Энэ өдрүүдэд өглөөний цайгаа уун, өдөр үндсэн хоолоо идэн, оройдоо идэхгүй байж хэвших хэрэгтэй. 

Долоо хоногт ердөө 3-хан өдөр оройн хоолноос татгалзсанаар таны биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, бие хөнгөрч, нойр сайжран, хоол хүнсний үлдэгдлийг биеэс зайлуулах таатай арга болдог. Махан хоол иддэг хүмүүсийн хувьд эдгээр 3 өдөр цагаан хоол идэхэд л хангалттай.

Намар, өвлийн сэрүүн хий улиралд ясны шөл уух, өглөөний цайнд шар тосыг түлхүү хэрэглэх гэх мэтээр хийдэхгүй байх тал дээр анхаарвал зохино. Эдгээр 3 өдөр сүүн бүтээгдэхүүн, сахар, гурилан бүтээгдэхүүнээс бүхэлд нь татгалзах, ээлжлэн татгалзахад гэмгүй. 

Баасан гараг нь дийлэнх монголчуудын хувьд ямар нэг арга хэмжээтэй байдаг учраас энэ өдрийг өөрийн тааваар өнгөрүүлэхэд тохиромжтой. Ажлын өдрүүдийн дараахь амралтын өдөр болох бямба гараг нь гэр бүлийн өдөр учраас энэ өдөр хүссэн хоол цайгаа хийж, идэж уух нь зохистой санагдсан. Ням гараг нь хүссэн хоол цайгаа идэж ууснаар хүсэл дарагдсаны дараах өдөр учраас хоолонд хандах хандлага хөнгөн, амар байдаг.