"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдэл Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалаас огцорч, олон нийтээс уучлал гуйхыг шаардаж буйгаа мэдэгдэж,  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр өнгөрсөн 10 дугаар сарын 31-нд Улаанбаатараас Сөүл рүү нисэх үедээ олон нийтийн дунд согтууруулах ундаа хэрэглэсэн, зохисгүй байдал гаргаж онгоцны үйлчлэгчийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх шалтгаанаар БНСУ-д баривчлагдаж, саатуулагдсан. Улмаар тус улсын хуулийн дагуу торгууль төлөөд эх орондоо ирсэн. Д.Одбаярын хууль бус, ёс зүйгүй тус үйлдэлд олон нийт дургүйцэж, бухимдаж буйгаа сошиалаар илэрхийлж, тодорхой хариуцлага хүлээлгэхийг шаардсаар байна.

Мөн БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар Монгол Улсын нэр хүндийг доромжилж, ёсзүйгүй, хуульгүй орон мэтээр гутаан доромжиллоо. БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны зүгээс энэ хэрэгтэй холбоотойгоор тус улс дахь монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй ажил, амьдралд бодитойгоор хохирол учрах болсон талаарх албан бичгийг бидэнд ирүүлсэн.

Гэтэл Д.Одбаяр нь Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөгдсөн боловч гишүүний албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж байна. Энэ нь хууль, ёсзүй, хүний эрхийг үл тоож, уландаа гишгэсэн үйлдэл. Үүнд иргэд, олон нийт дургүйцэж байна" хэмээн мэдээллээ. 

"Ялгаварлыг хариуцлагажуулъя" нэгдэл нь дээрх асуудалтай холбоотойгоор 3 зүйл шаардав. Үүнд:

  1. Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрохыг,
  2. Олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг,
  3. Бэлгийн дарамтлагчдад эрүү болон зөрчлийн хуулиар хууль зүй болон ёсзүйн хариуцлага тооцдог болохыг тус тус шаардаж байна гэв.

Мөн "Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагаас мултардаг, хуулийг ялгаварлаж хэрэгжүүлдэг, хүний эрхийн зөрчлүүдийг хуулиар хамгаалдаггүй байдлыг таслан зогсоохыг хүсэж буй хүн бүр бидэнтэй холбогдохыг уриалж байна" хэмээлээ.

Сануулахад, дээрх асуудалтай холбоотойгоор 10 дугаар сарын 15-нд Д.Одбаяр нь Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хүсэлтийнх нь дагуу энэ сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрээр даргын албанаас чөлөөлөгдсөн ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр буй юм.