Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 03-нд нийт 557 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ажиглах байранд тусгаарлагдсан 428 хүний эхний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ, сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 11 хүн, тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч бүхий 67 хүний шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарлаа. 

Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Хоёр нь 37 настай Беларусь жолооч, нэг нь 59 настай орос жолооч бөгөөд 15 хоногт эмчлэгдээд эдгэрлээ. Нэг нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 настай эмэгтэй бөгөөд 22 хоногт эдгэрсэн. 

Монгол Улсад коронавирусийн нийт 220 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 183-ыг нь эмчилж эдгэрүүлсэн. Одоо 37 хүн эмчлүүлж буйгаас 31-ийнх нь биеийн байдал хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна. Тусгаарлах байранд байсан нэг эмэгтэйг өнөө өглөө ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. 05:00 цагт амаржиж, хүү төрлөө" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Үндсэндээ бид маш олон сарыг амжилттай өнгөрөөлөө. Нэлээд туршлагажиж байна. Нүүдэлчдийн тэвчээрийг шалгасан коронавирустай бид үргэлжлүүлэн тэмцэнэ. Тэвчээр алдаж болохгүй. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Зуны дэлгэр цагийг ашиглаж, уулын энгэр, голын дэргэд очиж нар, агаар салхинд монгол мах, цагаан идээгээ идэж, дархлаагаа дэмжээрэй. 10 дугаар сард дэгддэг улирлын томуутай коронавирус хавсарч биднийг айлгаж магадгүйд маш сайн бэлдэх хэрэгтэй байна" гэдгийг онцлон зөвлөв.