Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт нийт 273 хүний шинжилгээ хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглагдах байрт тусгаарлагдсан 164 хүний шинжилгээ, тандалтаар уушгины хатгалгаар эмнэлэгт эмчлүүлж буй 15 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.

Сэлбэ, Ивээлэн, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгалт сувилалд ажиглалтад байсан 164 хүний ажиглалтын хугацаа дуусч, хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн. 

Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл нйит 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Энэ нь Монгол Улсад байгаа халдварыг хянах том систем болж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ, хяналтад байна. 

Өчигдөр Эрээнээс Зам-Үүдээр 58 хүн орж ирсэн. Тэдгээрээс нэг хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн. Бусад хүнийг ажиглалтад авсан. БНХАУ-ын талаас эдгээр хүнд шинжилгээг бүрэн хийгээд хил давуулсан" хэмээлээ.