Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 23-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 66 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 5 хүнд хийсэн шинжилгээ, ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй нэг хүний давтан шинжилгээ хамрагдсан.

Өнөөдөр хоёр оюутан эдгэрсэн сайхан мэдээтэй. Тэд ХӨСҮТ-өөс гарч, дараагийн хяналтад шилжлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 141 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 32 нь эдгэрлээ. Одоо 109 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байгаагийн 84-ийнх нь биеийн байдал хөнгөн, 25 нь хүндэвтэр байна.

Монгол Улсад тавдугаар сарын 20-30-ны хооронд дархлаажуулалтын 10 хоног болж байна. Жилд хоёр удаа дархлаажуулалтын аяныг зохион байгуулдаг. Үүнд вакцинаасаа хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулдаг. Энэ бол маш чухал. 

Коронавирусийн улмаас хөл хорио тогтоож олон улсын нислэгүүдийг зогсоосноор одоо дэлхийн 88 оронд 63 сая хүүхэд товлолын вакциндаа хамрагдах боломжгүй байна. Харин манай улс тусгай үүргийн онгоцоо ашиглаад шаардлагатай вакцинаа бүрэн авч чадсан. Вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаас нэгдсэн журмаар хангадаг. 

2015-2016 онд 50.000 гаруй хүүхэд улаанбурханаар өвдсөн. Энэ нь вакцин хийлгээгүйгээс болсон. 2018-2019 онд бид нөхөн дархлаажуулалт хийсэн. Бусад улс оронд улаанбурхан өвчин дэгдэж, сандаргаж байгаа. Иймд одоо үргэлжилж буй дархлаажуулалтын 10 хоногт идэвхтэй хамрагдаж, вакцинаа хийлгэхийг уриалж байна" хэмээлээ.