Коронавируст халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Нэг хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Улмаар коронавируст халдвараар өвчилсөн нийт 15 хүн эдгэрлээ. Дахин хоёр хүн эдгэрэх дөхсөн байгаа. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байна. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь нэг лабораторт нийт 80 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулж хийсэн 29 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ хамрагдсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Эмчийн найдвартай туслагч, хамтрагч алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэндийг хүргэе. Та бүхний хамтран ажилладаг сайхан үйлчилгээ хүмүүсийн эдгэрэлтэд онцгой сайн нөлөөлдөг. Бас бидэнд хүч өгдөг" хэмээн мэндчилгээ дэвшүүлэв. 

Жил бүрийн тавдугаар сарын 12-ныг "Дэлхийн сувилагч нарын баяр" гэж тэмдэглэдэг.