Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн 11.00 цагт мэдээлэл өглөө.

Тэрээр "Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаабаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153-ынх нь шинжилгээний хариу гарсан, бүгдээс нь коронавирус илрээгүй. Тус онгоцоор ирсэн батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг өмнө нь мэдээлсэн.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй, нийт 90 хүн ажиглалтад орсон. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй.

Уушгины хатгалгаагаар өвдөн эмнэлэгт хэвтэж буй хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар коронавирусийн шинжилгээ авч, тандалт судалгаа хийж байгаа. Энэ нь бидний дотор уг вирус байгаа эсэхийг баталгаажуулах судалгаа юм. Эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй. Бид зөвхөн гадаадаас ирж байгаа хүмүүсийг хянахаас гадна эндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг хянаж, тандан судалж байна.

Батлагдсан тохиолдлуудын биеийн байдал сайжирч байна. Бидний эмчилгээний тактик зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан ч өдөр ирэх тусам сайжирч байна. 

Шинжилгээг заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторын шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж, илрүүлж байгаа" хэмээлээ.

Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд "Өнөөдрийн байдлаар сайхан мэдээ өгч байгаадаа би их баяртай байна" гэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын нийт 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд ямар байгаа талаар ЭНДдарж уншина уу.