Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "7 дугаар сарын 26-нд нийт 264 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 07-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээг хамруулсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 288 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 218 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж буйгаас 64 хүний биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, хяналтад байна. 

Өнөө өглөө Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс 4 хүнийг сэжигтэй гэж үзэж, 4 хүнийг хавьтал гэж үзэж ХӨСҮТ-д авчран тусгаарлалаа. Бусдыг нь ажиглах байруудад хуваарилсан" хэмээлээ.

Мөн тэрээр "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авах ажлыг хийж байна. Нислэгүүд 3-15 цаг үргэлжилж буй. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн 2 эмч, ХӨСҮТ-ийн нэг эмч явж байна. Эдгээр нь битүүмж, хамгаалалтын бүрэн өмсгөлтэйгээр замдаа асуумж, судалгаа аваад, тандан судлаад явж байна. Мөн онгоцонд зорчигчдод эрүүл мэндийн ямар нэгэн асуудал тулгарвал ХӨСҮТ-ийн клиникийн эмч нар газар дээр нь тусламж, үйлчилгээ үзүүлж, удаан хугацаанд бүрэн өмсгөлтэй ажиллаж байна.

Бид бусад байгууллагатай хамтран дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан" гэв.