Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сарын 28-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторт өчигдөр нийт 315 хүний шинжилгээг хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 2, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүн, СООС медикал эмнэлэгт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 112 хүн хамаарч байна. 

Тусгаарлагдах хугацаа нь дууссан 80 хүнийг ХӨСҮТ-ээс шилжүүлэн гаргалаа. Мөн ажиглах байранд байсан 154 хүнийг гаргасан. Улмаар дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авах байр, ХӨСҮТ-д авах хүчин чадал, бололцоогоо зохицуулж байна" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт 38 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Тэдний 9 нь эмчлүүлэн эдгэрсэн, 29 нь эмнэлэгт эмчлүүлж байна.