Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр нийт 109 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтын 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 17 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусийн нийт 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Тэдний 26 нь эмчлэгдэн эдгэрч, дараа дараагийн шатны хяналтад шилжсэн. 114 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний 88-ынх нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр байна.

Эдгээрээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаагаас 47 нь энэ сарын 24-нд, үлдсэн хүмүүс нь ойрын хугацаанд ажиглалтаас гарна. Улмаар ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүс үлдэх төлөвтэй байна" хэмээлээ.