Монгол Улсад өчигдөр КОВИД-19 тав дахь халдвар бүртгэгдлээ. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэй байсан. Халдвар авсан эмэгтэйтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

“2020 оны 3 дугаар сарын 17-ны онгоцоор ирсэн 1 иргэнээс шинжилгээ авахад коронавирусийн тохиолдол илэрлээ. Онгоцоор зохион байгуулалттайгаар ирсэн тул ойрын хавьтлуудыг шинжлэхэд арай хялбар байлаа. Гэхдээ бид хяналтаа сэрэмжээ алдахгүй ажиллана. Дөнгөж сая түргэвчилсэн оношлуураар нэг хүний шинжилгээ эерэг гарлаа. Одоогоор энэ хүний шинжилгээг төв лабораторид дахин шинжилж байна. Үдээс хойш батлагдсан хариу гарна. Эхний ээлжинд түргэвчилсэн тестээр авч тандсан. Энэ хүн өчигдөр батлагдсан тохиолдолтой адил Берлин Москва Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Франц болоод БНСУ-аас ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Харин нэг хүний биеийн байдал хүндхэн байна” гэлээ.