Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "2020 оны есдүгээр сарын 28, 29-нд нийт 1159 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Монгол Улсад коронавирусийн нийт 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 97 хувь буюу 305 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувиллын, 3 нь гэрийн ажиглалтад байна. Үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа бүрэн дууссан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн эмчлэгдэж байна. Тэдний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 33 сая 28 мянга 590 хүн коронавирусээр өвчилж, 24 сая 868 мянга 567 хүн эдгэрч, нэг сая гаруй хүн нас баржээ.