Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 371 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үүн дотор Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүн орсон. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээг хийсэн, коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүнийг тусгаарлан хяналт, эмчилгээ хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа" хэмээлээ.

Мөн тэрээр "Хамгийн гол нь иргэд одоо анхаарлаа сулруулж болохгүй. Дулаарсан учир маск зүүхэд хүндрэлтэй байна гэдэг шалтгаанаар маск зүүхгүй байгаа нь том алдаа. Мөн дулаараад хүмүүс бээлийн өмсөхөө болиж байна. Хятадууд цайвар өнгөтэй нимгэн бээлийн өмссөнөөр эрсдэлээс маш сайн хамгаалсан гэдгээ зарласан. Иймд бээлийг заавал өмсч, гараа сайн угаах шаардлагатай хэвээр байна" гэдгийг санууллаа.