Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторт энэ сарын 23-нд хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторын мэргэжилтэн тэнд ажиллаж байгаа. Мөн өчигдөр тандалтын зорилгоор нийслэлийн 5 дүүргээс сорьж цуглуулж, 29 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Туркийн нэг иргэн эдгэрсэн. Тэрээр ХӨСҮТ-ээс өөр газар 14 хоног тусгаарлагдах ёстой байсан ч өөрийнхөө хүсэлтээр ХӨСҮТ-д 14 хяналтад байж байгаад өнөөдөр хугацаа нь дуусч гэртээ харилаа.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй хүмүүст давтан шинжилгээ хийхэд нэг коронавирус илэрлээ. Тэрээр Москвад сурч байсан оюутан. ХӨСҮТ-д тусгаарлагдаал 13 хонож буй бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч байна. 

Иймд хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой ойлгож, анхаарч, өөрийгөө хянах нь зүйтэй. Зарим хүн хяналтын 21 хоногийг их тээршааж байгаа. Энэ нь буруу. Нууц хугацаа зэрэг нь шууд лабораторын шинжилгээнд баригдахгүй байгаа нь аюултай. Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж, бээлий өмсөх шаардлагатай

Эрсдэлтэй хүмүүсээ ХӨСҮТ-д, бусад хүнийг өөр ажиглах байранд тусгаарлаж буй. Бид хүнээ зөв сонгож тусгаарлаж буй нь харагдаж байна" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 36 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 8 нь эдгэрсэн байна.