Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 25-нд нийт 171 хүнд шинжилгээ хийсэн. 168-аас нь коронавирус илрээгүй. Гурван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн. Тэд 22-23 насны оюутнууд бөгөөд хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Тэрээр 19 настай, Цэргийн сургуулийн оюутан бөгөөд 43 хоног эмчлэгдэж эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 219 боллоо. Үүнээс 170 хүнийг эмчлэн эдгэрүүлж, дараагийн шатууд руу шилжүүлсэн. Одоо 49 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж буйгаас 42 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна. Чихрийн шижин, сахарын суурь өвчтэй нэг, жирэмсэн эмэгтэй нэг байна. Өмнө нь хоёр жирэмсэн эмэгтэй эдгэрээд дараагийн шатны сувилалд шилжсэн. Нэг нь төрөх дөхсөн учир ХӨСҮТ-ийн тусгай төрөх тасагт байна" хэмээлээ.