Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугар сарын 26-нд нийт 172 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ОХУ-ын Цэргийн онгоцоор ирсэн 75 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 56 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 7 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 35 жолоочийн шинжилгээ хамрагдаж, бүгд сөрөг гарсан.

Өнөөдөр 5 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 219 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 175 хүнийг эмчилж эдгэрүүлсэн. Одоо ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж буйгаас 35-ынх нь биеийн байдал хөнгөн, 9 нь хүндэвтэр байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 82 хүн эмчилгээ, хяналтад байна. Тусгай үүргийн дараагийн онгоцуудаар ирэх хүмүүсийг хүлээн авч, эрэмбэлэн ангилах, байрлуулах ажлыг ОБЕГ, холбогдох бусад байгууллагатай хамтран хийж байна" хэмээлээ.