Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 08-нд нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж буй 12 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 80 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 83 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаалагдсан 1 хүний шинжилгээ хамрагдсан.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Нэг нь ОХУ-ын Цэргийн сургуулийн 19 настай оюутан 56 хоногт эмчлэгдсэн. Нөгөө нь 37 настай оюутан 42 хоногт эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 227 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 197-г нь эмчлэн эдгэрүүллээ. Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлэгдэж буйгаас 27-гийнх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

Ажиглах байранд байсан нэг жирэмсэн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д шилжүүлэн авчирч төрүүллээ. Хүүтэй болсон" хэмээн мэдээллээ.