Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 413 хүний шинжилгээг хийлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 16 хүн, тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, тандалтаар хийсэн 3 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 19 настай, 32 хоног эмчлэгдээд эдгэрсэн.

Монгол Улсад коронавирусийн нийт 197 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. 109 нь эдгэрсэн, 88 нь эмчлэгдэж байна" хэмээлээ.