Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр нийт 248 хүний шинжилгээ хийхэд 7-гоос нь коронавирус илэрчээ. Тэдний 6 нь өчигдөр Москвагаас тусгай үүргийн онгоцоор ирсэн оюутан, нэг нь энэ сарын 13-нд ОХУ-ын цэргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан оюутан байна. Мөн өнөөдөр зургаан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ.

Улмаар манай улсад коронавирусийн нийт 148 тохиолдол бүртгэгдэж, 43 нь эдгэрлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Эмчилгээний баг болох эмч нар ээлжлэн орж байгаа. Эхний ээлжийн эмч нар гарсан. Гарсан ч гэсэн н.Чинбаяр, н.Ууганчимэг тэргүүтэй сэхээний гол туршлагатай эмч нар дотоодод ажиллаж буй бүх эмч, сувилагчийг удирдаж, зөвлөгөө өгдөг. Эмч нар маань туршлагажиж байна. Эмчлүүлж буй хүмүүстэйгээ тусгаарлагдаж буй учир эмчилгээндээ ороод амрах өрөөнд байдаг. Бид эмч, сувилагчдынхаа ядрахгүй байх, анхаарлаа сулруулахгүй байхад нь онцгой анхаарч байна. Эмч нарыг камераар хянаж байна. Мөн мананцар үүсгэж ариутгадаг кабин хийж байна. Энэ нь хувийн хамгаалах хэрэгслийн гадна наалдсан вирусийг устгана. Зөвхөн үүнд найдахгүйгээр зөв өмсөж,тайлахад илүү анхаарч байгаа.

Тандалтын 15 баг ажиллаж байна. Тэд ирсэн хүмүүсийн сорьцыг цаг алдахгүй цуглуулж, шинжилгээнд хурдан оруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн манай эмч нар эрэмбэлэн ангилалтыг онцгой онож хийж байна. 

Хэнийг сонгон авч тусгаарлах, хэнийг түрүүлж хаана аваачих вэ гэдэг эрэмбэлэлээ зөв, сайн хийж байна гэж бид дүгнэж байна. Өнөө өглөө ОХУ-ын Улан-Үдэ хотоос Алтанбулаг боомтоор 340 хүн ирсэн. Тэднээс 40-ыг нь эрсдэлтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. 

Ажиллах хүний нөөц, тусгаарлах байрны нөөц зэргийн бүгдийг нь уялдуулж байж гаднаас иргэдээ татан авч байна. 

Хамгийн гол нь өвчин голомтлон тархсан нутагт, байраа сулла гэж шаардсан зэргээс сэтгэл санаа нь хүнд буй 17-20 насны оюутан хүүхдүүдээ олноор нь авчирлаа. Өвчнийг хурдан илрүүлж, эмчилгээний зөв тактик хэрэглэж, санаа сэтгэлийг нь дэмжиж байна. Эх орондоо, ээж аавынхаа дэргэд ирсэн хүмүүсийн сэтгэл санаа өндөр байгаа. Сэтгэл санаа болон эмч, өвчтөн хоёр ойлголцож, итгэлцэх нь эмчилгээнд хамгийн чухал. Энэ бүхэн хоршиж байна" хэмээлээ.