Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 29-нд нийт 357 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, мөн ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д хяналтад буй 7 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 6 хүнд хийсэн шинжилгээ, Алтанбула боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 220 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 175 нь эдгэрсэн. Одоо 45 хүн эмчилгээнд буйгаас 34-ийнх нь биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Эдгээрт коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэй хоёр, хүүхэд хоёр байна. 

Өмнө нь эдгэрсэн жирэмсэн эмэгтэй төрөх дөхсөн учраас дараагийн шатны сувиалалд шилжилгүйгээр ХӨСҮТ-д хяналтад байж байгаад өнөө өглөө 07 цаг 20 минутад төрж, охинтой боллоо. Баяр хүргэе.

Одоо дараагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлийг бусад байгууллагатай хамтран хийж_ бэлэн байдалд байна" хэмээлээ.