Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 168 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг хүн, тандалтын зорилгоор 46 хүнд хийсэн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 31, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээ хамрагдаж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусад хүний тусгаарлагдах хугацаа дууссан тул дараагийн шат руу шилжүүлсэн. Улмаар ХӨСҮТ-д 150 хүн хүлээн авахад бэлэн боллоо.

Одоо бид тусгай үүргийн гурван онгоцоор ирэх хүмүүст онцгой анхаарна. ОХУ-аас ирсэн оюутнууд ирээд 20-иод хоночихлоо. Тус улсаас ирсэн коронавирус илрээгүй оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийсэн, сөрөг гарсан. Иймд тэдгээр оюутны аюул ингээд гайгүй өнгөрнө гэж тооцож байна" хэмээлээ.

ОХУ-аас ирсэн оюутнуудын 32-ыг нь эрсдэлтэй гэж үзэн онцгойлон тусгаарласнаас 21-ээс нь коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр үлдсэн 11 оюутан болон тэдэнтэй нэг өдөр ирсэн хүмүүсээс коронавирус илрэх магадлалтай хугацаа дуусаж буй аж.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 38 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь эдгэрсэн, 28 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.