Манай улс дахь коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 217 хүний сорьцод шинжилгээ хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 5-ыг нь сэжигтэй гэж үзэж, ХӨСҮТ-д тусгаарласан. Бусдыг нь бэлдсэн ажиглах байруудад хуваарилан байрлуулсан. Өнөөдрөөс эхлэн бүгдээс нь шинжилгээ авна. Бидний хувьд бол аюул өнгөрөөгүй, урд маань байна. Дахин хоёр онгоц хүлээж авна.

Германы Франкфуртаас ирэх онгоцыг маш хүнд байна гэж бид тооцоолж буй. Нислэгээр ирсэн хүмүүст онцгой анхаарч ажиллана. Хамгийн гол нь иргэд дэ журам, үүргээ чанд биелүүлэх ёстой. Тодорхой хугацаа өнгөрөнгүүт "зүгээр байна" гээд тайвширч болохгүй. Нэг нэгэндээ өндөр шаардлага тавьснаар бид алдахгүй.

Маск зүүж, бохир зүйлд гараа хүргэхээс сэргийлэн нимгэн бээлий өмсөж хамгаалах, ажил болон гэртээ орохдоо бээлийгээ тайлж, гараа сайн угаах, хоолоо дандаа болгож хэрэглэх шаардлагатай. Дандаа халуун цай, шөл уудаг нь монголчуудын давуу тал.

Эдгээр нь хоолой, залгиур дээр байгаа зүйлсийг ходоод руу авч ордог. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын өвчин үүсгэдэг бактери уушги руу орж чадахгүй, ходоод руу ороод ходоодны хүчил зэрэгт устдаг. Иргэн та бусдад шаардлага тавьж, зөвлөснөөр Монгол Улсыг аварч байна" хэмээлээ.