Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "Дэлхийн хэмжээнд тус вирусын дэгдэлтийн тохиолдол нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 6065 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Халдварын тархалт БНХАУ-д эрчимтэй явагдаж байна. Шинээр Арабын нэгдсэн Эмират улсад 4 тохиолдол бүртгэгдсэн" гэв. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 28-нд ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдол орсон. Тэдгээр нь Ухань хотод сурж байсан 4 оюутан, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 13.00 цагт ирсэн нэг хүн, Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 4 хүн, хавьталтай 4 хүнийг тусгаарласан. Тэдний хариу гарсан, эмнэлгээс гаргасан.

Өчигдөр буюу энэ сарын 29-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүхий 4 иргэн ирж шинжилгээ өгч, тусгаарлагдсан. 24 цагийн дараа хариу нь гарна. 

Өмнө нь халдвар гарсан улсуудаас ирсэн хүмүүс сайн дураараа ирж шинжилгээ өгч байна. Мөн ханиад, томуугийн шинжтэй андуурагдаж буй учир анхаарах шаардлагатай. 

Шинэ оношлуур батлагдаж гарсантай холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад нэмэлт оношлуур өгөхөөр болсон. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр ДЭМБ руу шинэ оношлуур захиалж, захиа явуулсан. Ойрын хугацаанд ирнэ. Манай улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ДЭМБ болон бусад орнууд зөв зүйтэй гэж үзэж байна.

Шинэ коронавирус нь агаар дуслын замаар халдварлаж буй. Тиймээс зөвлөмжийг дэг журамтай дагаж мөрдсөнөөр энэ вирусээс амжилттай сэргийлэх боломжтой. 

Тухайлбал, маскаа зөв зүүж, зөв буцааж авах шаардлагатай. Бохирдсон маскныхаа дотор талыг хумьж авахгүйгээр ороолт зэрэг бусад зүйлдээ хүргэх нь буруу. Гудамжид нус, цэрээ хаяхгүй, гар барихгүй, хоорондоо хүрэлцэхгүй бай. Нусны алчуур авч явах шаардлагатай, ил задгай ханиаж болохгүй. БНХАУ-д хүмүүс амархан угааж болдог, нимгэн бээлий өмсөж буй жишиг байна. Үүнийг хэвшүүлэх хэрэгтэй. 

Гуравдугаар сарын 02-ныг хүртэл зарим газруудын үйл ажиллагааг зогсоосон нь амралт биш, дархлаагаа сэргээ, биеэ бод, хүн ам нягтаршсан Улаанбаатар хотоос цэвэр агаартай хөдөө орон нутаг руу яв, вирусийн хавьтлаас хол бай гэсэн үг" хэмээн мэдээллээ.

Гар барихгүй мэндлэх арга