Коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дархан-Уул аймагт тус тус тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Катар улсаас ирж Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42 хоёр хүн /цэргийн албан хаагч/-ээс коронавирус илрээгүй. Тандалтаар нийслэл болон аймгуудын эмнэлэгт уушгины хатгалгаагаар өвдөн эмчлүүлсэн хүмүүсээс цуглуулсан 81 сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд мөн илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийсэн.

ХӨСҮТ-д дахин нэг Пи Си Ар машиныг ашиглалтад орууллаа. Тиймээс өдөрт хийгдэх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Үүнд улс даяар цуглуулсан сорьцод тандалтаар шинжилгээ хийнэ, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн болон давтан шинжилгээг хийнэ. Бас 15-20 минутад шинжилдэг түргэвчилсэн оношлуурыг ашиглаж байгаа. Энэ нь бидэнд богино хугацаанд дохио мэдээлэл өгнө" хэмээлээ.