Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 16, 17-нд нийт 1408 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 311 батлагдсан тохиоллдол бүртгэгдсэн. Тэдний 302 буюу 97 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн. 2181 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. 13 хүн гэрийн ажиглалтад, 8 хүн сувилалд байна. Өнөөдрийн байдлаар 9 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Тэднээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байна. 

Энэ сарын сүүлээр ирж буй вакциныг зарим хүн коронавирусийн эсрэг вакцин гэж ярьж байгаа нь ташаа мэдээлэл. Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хийж байгаа ч аль нь батлагдахыг бид чих тавин хүлээж байна. Батлагдаад худалдаанд гарахад нь хоцрохгүй оролцохыг төлөвлөн ажиллаж байна. 

Одоо томуугийн улирал ирж буй учир энэ сард томуугийн вакцин ирнэ. Засгийн газраас захиалсан 120.000 хүн тун вакцин, АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бидэнд тусламжаар 89.450 хүн тун вакцин ирнэ. Мөн ДЭМБ-ын дэмжлэгээр ирж буй 300.000 хүн тун вакцин энэ сард ирнэ. Эдгээр вакциныг ирэнгүүт нь бид цаг алдалгүй зорилтот бүлгийн хүмүүст хийнэ" хэмээлээ.

Мөн тэрээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 29 сая хүн коронавирусээр өвчилж, 900 гаруй мянган хүн нас барсан. АНУ болон Зүүн өмнөд азийн бүсэд өвчлөл хамгийн өндөр байна" гэв.