Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 07-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавиурс илрээгүй. Мөн тус өдөр ажиглалтад авсан олон улсын хуралд оролцоод ирсэн RE/MAX компанийн 16 хүний эхний шинжилгээнд бүгдээс нь коронавирус илрээгүй. Тэднийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт, тандалт хийж байна. 

Гуравдугаар сарын 08-нд сэжигтэй хоёр хүн тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нөгөө нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уул уурхайн компанийн ажилтан байна. 

Иргэдэд анхааруулахад аль ч чиглэлд онгоцоор зорчиход хамгийн аюултайг мэргэжилтнүүд хэлж байна. Агаарын солилцоо байхгүй, ойрхон ойрхон суудаг учир онгоцоор халдвартай хүн зорчвол бусдад халдварлах эрсдэл маш өндөр.

БНХАУ шинэ коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээ авсны дүнд хяналтыг гартаа авч байна гэх зэрэг сайн зүйлс олон байна.

Гэвч хүн бүр хэрэгжүүлж болох сэргийлэх хялбар аргуудыг зааж өгсөөр байтал эсэргүүцэж буй хүмүүс байна. Энэ нь иргэд болон Монгол Улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Мөн Улаанбаатарт ирээд тусгаарлагдсан иргэд зардлаа өөрсдөөсөө гаргах шийдвэр гарсан" хэмээлээ.