Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 27-нд нийт 686 хүнд шинжилгээ хийсэн. 685 хүнээс нь коронавирус илрээгүй. Энэ сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ. 

Тодруулбал, өчигдрийн шинжилгээнд 7 дугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний шинжилгээг хамруулсан. Нэг хүнээс нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. Мөн Дорноговь аймагт тусгаарлагдсан 116 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 08-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний гурав дахь давтан шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 7 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хамруулсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 33 настай эрэгтэй, Беларусь улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, бас нэг нь ОХУ-ын иргэн байна.

Монгол Улсад коронавирусийн нийт 289 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 222 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 67 хүн эмчлүүлж буйгаас 62 хүний биеийн байдал хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. 

Бид бусад байгууллагатай хамтран дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан. Энэ сайхан дулаан улиралд гадаадад байгаа олон иргэнээ хурдан эх оронд нь авчрах төлөвлөгөө гаргах үүргийг Засгийн газраас авсан. Холбогдох төрийн байгууллагууд хамтран нарийн төлөвлөгөө гаргаж байна" хэмээлээ.