Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 25-нд нийт 193 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18 хүн, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн Ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгаас ирүүлсэн 17 жолоочийн шинжилгээний сорьц, тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээ, Дархан-Уул аймгийн лабораторт ачаа тээврийн 19 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн, Орхон аймагт тусгаарлагдсан 103 хүний давтан шинжилгээ хамрагдсан.

Өнөөдрийн сайн мэдээ нь Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, өнөөдөөр ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэдэнд 42-43 хоног эмчилгээ хийснээр эдгэрлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 141 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 37 нь эдгэрлээ. Үлдсэн 104 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж буй бөгөөд 95-ынх нь биеийн байдал хөнгөн, 9 нь хүндэвтэр байна. 

Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170 хүн ирсэн. Тэднээс зургааг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Бусдыг нь зочид буудлуудад тусгаарлан хянаж байна" хэмээлээ.